ДУНДГОВЬ: “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн үйл ажиллагаатай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын
хөгжил” төслийн багийнхан Дундговь аймагт ажиллаж, төслийн үйл ажиллагаатай
танилцан, өмнөх онд болон энэ жил хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнг
хэлэлцжээ.
Төслийн хүрээнд 2022 онд тус аймагт 224,000,000
төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 суманд инженерийн хийцтэй 7 худаг гаргаж, 220,000,000
төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс тэжээлийн агуулахын өргөтгөлийн 50 хувийг тус
төслөөс санхүүжүүлжээ. Өвс тэжээлийн агуулахын ажлын гүйцэтгэл 90 хувьтай
байгаа аж.
Төслийн баг аймгийн удирдлагуудтай хийсэн
уулзалтын үеэр Засаг даргын орлогч М.Анхбаяр аймгийн хөдөө аж ахуйн салбарт
хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж буй төслийн багийн хамт олонд талархал
илэрхийлж, орон нутагт байгуулсан бүтээн байгуулалтыг үр ашигтай ашиглаж, ашиглалт,
хамгаалалтын асуудлыг бүрэн хариуцаж сайжруулах талаар өөрийн байр суурийг
илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны
талаар санал солилцов.
Түүнчлэн “Зах зээл ба бэлчээрийн
удирдлагын хөгжил” төслөөс 50 хувийн санхүүжилтийг гарган Дундговь аймгийн Луус
суманд хэрэгжиж буй малчдын үйлдвэрлэлийг дэмжих “Таван эрдэнэ төв” төслийн барилгын
ажлын явц удаашралтай байгааг танилцуулж, цаашид энэ ажлыг эрчимжүүлж ажиллахаа
илэрхийлсэн байна.