ЗАВХАН: А.Дайриймаа: Ангийн хүүхдүүдийнхээ хамгийн сайн найз байх л хамгийн зөв гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-17 16:31:42

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын Лаборатори Чандмань Эрдэнэ сургуулийн А.Дайриймаа багштай 5г ангийнхан орой бүр оймсоо угааж хэвшихийг сургууль дээрээ үлгэрлэж, уриалаад байгаа аж. Тус ангийнхан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд бүр арвич хямгач байж, ундны цэвэр усаа хайрлаж зөв зохистой хэрэглээтэй болох. Хүүхэд бүр хөдөлмөрч болохыг цахим орчинд үлгэрлээд буй юм. Тус ангийн багштай уулзаж энэ талаар тодрууллаа.


-Танай ангийн хүүхдүүд цаг үеэ олсон маш зөв дадлыг эхлүүлжээ. Хэзээнээс зөв дадалтай болохыг уриалав?


-Усаа хэмнэхийн ач тус сэдвээр анх дөрөвдүгээр ангид байх үедээ хичээл дээрээ ярилцаад, ангиараа заавал хэвшүүлэхээр ярилцаж тохиролцоод хийж эхэлсэн. Багш би ч мөн адил хүүхдүүдтэйгээ хамт эхлүүлсэн оймсоо угаах дадлаа өөрөө хэвшүүлж байгаа. Орой бүр оймсоо угааж байгаа хүүхэд, өөрөө өөртөө цаг гаргаж аливааг тунгаан бодно. Оймсоо угаагаад зогсохгүй хөлөө угаана далимд нь шалаа угаана.

Яваандаа гэр бүлийнхнийхээ оймсыг угаагаад тавьчихдаг болдог. Крантнаас ус гоожуулахгүй усаа хэмнэж үргэлж угаалгын хувиндаа усаа хийж угаадаг. Нэг өдөр ч гэсэн ээжийнхээ ажлыг хөнгөвчлөөд өгдөг. Өөрийнхөө хийж байгаа ажилдаа сэтгэл өөдрөг, урамшсан байдаг гээд маш олон давуу тал байдаг.


Мөн манай анги 36 хүүхэдтэй, ангийн эдгээр тооны хүүхдүүдийн гэр бүл, цаашилбал, хамаатан, найз нөхөд нь гээд бүх хүн энэ дадлыг хэвшүүлчихбэл, цэвэр усыг хайрлах, хямгадах, зөв дадлыг бид тодорхой тооны хүмүүст үлгэрлэж чадаж байна гэсэн үг. Усыг хайрлаж хямгадсанаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад бас нэг хувь нэмрийг оруулж байгаа гэж хүүхдүүддээ байнга хэлж байна.

Мөн хүүхэд бүр сургууль руугаа алхах, дугуй унахын ач тусын талаар ч хүүхдүүдтэйгээ ярилцсан. Энэ жил энэ ажлаа үргэлжлүүлээд хэвшил болгоод явж байна. Цахим орчинд ангийнхныхаа энэхүү дадлын талаарх мэдээллийг хуваалцаж, сургууль дээрээ уриалга гаргаж, аймаг, сумдын сургуулийн хүүхдүүдийг ч мөн уриалж байна. Мөн ээж, аавуудтайгаа хамтраад шүдний цооролгүй эрүүл шүдтэй анги хамт олон болохоор зорьж шүдээ эмчлүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Амны хөндий нь эрүүл бол бүх эрхтэн эрүүл байна гэдгийг хүүхэд бүрт ойлгуулж, эрүүл биетэй бол сурч боловсроход маш их хэрэгтэй. Түүнчлэн хүн бүр эрүүл байх нь тогтвортой хөгжлийн бас нэг зорилт гэдгийг ч эцэг эхчүүдэдээ ойлгуулж байна. 


-Ингэхэд танай ангийнхан зуны даалгаварт ээж аавдаа туслах даалгавар өгдөг гэж байсан?

-Тийм ээ. Их сургуулийн математикийн багш Д.Амартүвшин маань бидэнд сургуулиа төгсөөд, багш болоод зуны даалгавар өгдөггүй багш болоорой гэж хэлдэг байсан. Тийм болохоор би анх бага ангийн багш болоод ангийнхаа хүүхдүүдэд зуны даалгаврыг өвөрмөц байдлаар өгдөг болсон. Жишээлбэл, амралтаараа хүүхэд өөрийнхөө сонирхлоор хөгжсөн, өдөр бүрийн хийж байгаа ажил нь зуны даалгавар болох ёстой гэж даалгавар өгч эхэлсэн.


Тухайлбал, оймсоо угаах дадлаа үргэлжлүүлэх, гэрийн ажилдаа туслах. Хөдөө амардаг бол хөдөөгийн малчин айлын өдөр тутмын ажилд туслах. Зун бүр мод, цэцэг бут тарьж арчилж ургуулах. Газар шорооны ажилд туслах, аяллаар явахдаа хогоо хаяхгүй байх дадлыг томчуудад үлгэрлэх гээд хүүхэд бүр тэмдэглэл хөтлөөд ирдэг. Тэгээд намар хичээлийн эхний өдөр зуны даалгавраа хэрхэн хийсэн талаарх тэмдэглэлээ ангидаа ярилцдаг.

Даалгаврын биелэлт яваад байгаа мөртөө хүүхэд аз жаргалтай, санаа амар амраад ирэх нь чухал санагддаг. Түрүү жилийн зуны даалгаврыг хэрхэн ямар дарааллаар хийхийг хүүхэд бүрт нь хэвлэж өгөөд явуулсан. Хүүхдүүд маань цаасаа хараад, тоглоод л даалгавар нь хийгдээд л ирдэг. Ээж аавдаа дарамтгүй, хүүхэд зуны даалгавраа өөрийн дураар, өөрийн сонирхлоор хийх нь чухал байдаг. Ялангуяа зуны амралтаар хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, бие бялдрын хөгжлийг нь дэмжих танин мэдэхүйн олон талын мэдлэгийг олгож ирэхийг л ээж аавуудад хэлж өгдөг дөө.




-Та бага ангийн багшаар хэд дэх жилдээ багшилж байна вэ? Ер нь бага ангийн багш байх онцлог, сайхан тал юу юм бол?

-Намайг Алтанхуягийн Дайриймаа гэдэг. Бага боловсролын багшаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ангийн хүүхдүүдийнхээ хамгийн сайн найз байх л хамгийн зөв гэж боддог доо. Мөн бүх хичээлийн суурийг тавихаас гадна энэ хүүхэд хэн болох вэ гэдэг тэр сэтгэхүйг суулгаж өгдөг учраас хариуцлагатай бас хамгийн гэгээлэг сайхан мэргэжил бол бага ангийн багшийн мэргэжил. Хүүхдүүдийн хар буруу санаагүй, бие биеэ гэсэн нандин сэтгэл хамгийн цагаан цайлган учраас сайхан зүйл олон байдаг. Амьдралынхаа алжаалыг ажлаа хийж байхдаа тайлдаг. Өөр өөр гэгээхэн ертөнц болсон хүүхдүүдтэй ажиллах хамгийн сайхан нь шүү дээ.


-Таны хичээл заадаг арга барил юу вэ?

-Хичээл заахдаа хөгжилтэй байхыг их эрмэлздэг. Хүүхдүүдээ унтраачихгүй, сонирхлыг нь төрүүлэх нь чухал санагддаг. Математик, монгол хэлний хичээлийг сонирхолтой аргаар заахад хүүхдийн ойлгоц, хүлээн авах чадвар нь хурдтай байдаг. Бас хичээл сургуулиас гадна хүнтэй зөв мэндэлдэг, бие биеэ хүндэтгэж харилцах. Дэг соёлыг сэтгэлээсээ биелүүлдэг сайхан хамт олон болох хичээлийг өдөр бүр заадаг. Хамгийн сайн хамтрагч, туслагч, бүхий л үйл ажиллагаа, хичээл сургалтыг ээж, аавууд маань маш сайн дэмжиж өгдөг. Тухайлбал, эцэг эхчүүд өдөр бүрийн хичээлд ээлж, ээлжээр ирж тусална. Багшийн санаачилсан ажлыг 100 хувь дэмждэг. Ийм болохоор ажил маш амжилттай урагшилдаг. Ер нь бага ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд багштайгаа хамтраад хүүхдүүддээ хөгжих, суралцах боломжийг олгох нь илүү үр дүнтэй байдаг.

 

 

 

相关新闻