БАЯНХОНГОР: Аюулгүйн нөөцөд бэлтгэх шаардлагатай өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-22 14:21:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан, зудын эрсдэлийн үнэлгээгээр “эрсдэл өндөртэй” дүгнэгдсэн зэргийг харгалзан тус аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны 277 дугаар тогтоолын дагуу сум тус бүр 50 тн өвс, 30 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 100 тн тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл аймгийн Засаг даргын захирамжаар сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэх шаардлагатай өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлж 100 тн өвс, 50 тн тэжээл зайлшгүй бэлтгэх үүрэг чиглэл өгчээ.


Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 277 дугаар тогтоолоор баталсан өвс, тэжээлийн 49 хувийг, аймгийн Засаг даргын А/524 дүгээр захирамжаар баталсан өвс, тэжээлийн 35 хувийг бэлтгээд байгаа аж.


Сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг Галуут сум 100, Баацагаан, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сум 50 ба түүнээс дээш хувь, бусад сум 50-аас доош хувьтай бэлтгэсэн байна. Малчид 981.3 тн өвс, 1.5 тн сүрэл, 26 тн ногоон тэжээл, 27.9 тн үйлдвэрийн тэжээл, 19.5 тн гар тэжээл, 0.5 тн дарш, 492.2 тн эрдэс тэжээл бэлтгээд байна. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэх шаардлагатай өвс тэжээлийг 100 хувь бэлтгэжээ.

相关新闻