ДОРНОГОВЬ: Малчдын өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас малчдын өдөрлөгийг энэ сарын 8-нд зохион байгууллаа.
Малчдын өдөрлөгөөр сумын хэмжээнд 337 малчин өрх, 155 мал бүхий өрхийн 141662 толгой мал тоолуулсан бөгөөд малчдад тулгамдаж буй отор нүүдэл, бэлчээр ашиглалтын талаарх санал бодлыг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ.
Сумын малчид зэргэлдээх Алтанширээ, Айраг, Сайхандулаан, Өргөн зэрэг суманд отор нүүдэл хийж буй тул тус сумын Засаг дарга нар оролцож өвөлжилт, хаваржилт, отор нүүдэл, бэлчээр ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Учир нь Сайншанд сум газар нутаг багатай тул зэргэлдээх сумдад малчид нь оторлож нутагладаг.
Өдөрлөгийн үеэр эрхэлсэн салбартаа амжилт гаргасан малчдыг шагнаж урамшуулсан бол малчдын оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор тэдний дунд олс таталт, сумо, хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулжээ.
Мөн нийгмийн бусад салбарын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар,
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд төрийн үйлчилгээг үзүүллээ..