Орхон аймагт байцааны зоорь барих асуудлыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж өвөлжилтийн бэлтгэл байдал болон орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, 2016 оны тодотгосон төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд аймгийн хөдөө аж ахуйн салбар дахь өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хэлэлцлээ. Энэ жил Орхон аймагт 120 гаруй мянган мал өвөлжинө. Тус аймаг нийт 39.5 мянган га бэлчээрийн талбайтай ч бэлчээрийн даац 11 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа тул Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 63.7 мянган мал өвөлжиж хаваржуулна. Харин улаанбуудай 4480 тонн, тэжээл 200 тонн, төмс 2636 тонн хүнсний ногоо 3105 тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Эл мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тэргүүлэгчид санал, шүүмжлэлээ хэллээ.
Үүний дараа ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва байцааны зоорины асуудлыг яаралтай шийдэх, хөдөө аж ахуйн чиглэлээр тоног төхөөрөмж авах хүсэлтээ өгсөн иргэдийн асуудалд анхаарлаа хандуулахыг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо. Орхон аймагт байцааны зоорь байдаггүй тул тариаланчид намар бүх байцаагаа бөөнөөр нь борлуулдаг байна.
Б.Оюун-Эрдэнэ