ОРХОН: Д.Баярсайхан: АТБӨЯХ-ийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтооход иргэдээс санал авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. УИХ-аас Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, албан татварын дээд хязгаарыг шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн ИТХ-аас албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтооно. Энэ талаар Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагч Д.Баярсайханаас тодрууллаа.
- УИХ-аас Авто
тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн зарим заалтад
өөрчлөлт оруулж, албан татварын дээд хязгаарыг тогтоосон. Энэ талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөөч.
- УИХ-аас Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, албан татварын дээд хязгаарыг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Орхон аймагт мөрдөгдөх татварын хувь хэмжээг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална. Одоо мөрдөгдөж буй албан татварын хувь хэмжээг аймгийн ИТХ-ын 2011.03.25-ны өдрийн хуралдаанаар батлан мөрдөж байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 11 жилийн хугацаанд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлтөөр татварын хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа асуудал огт байхгүйг онцолмоор байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 14500 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тиймээс тус албан татварын хувь хэмжээг өөрчлөх тухай асуудал нь Орхон аймгийн 100 гаруй мянган хүн амд хамаатай өргөн хүрээний асуудал юм.
- Авто тээврийн
болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг аймгийн ИТХ-аас
шинэчлэн тогтооно. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ︖
- Албан татварын хувь
хэмжээнд өөрчлөлт оруулах нь нийт иргэдэд хамааралтай асуудал. Тиймээс аймгийн
Татварын хэлтсээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын
хувь хэмжээг шинэчлэн тогтооход нийт иргэдийн саналыг авч байна.
Бид иргэдээс https://www.facebook.com/orhontatvar болон https://or.mta.gov.mn/ цахим
сайтаар дамжуулан санал авч байгаа. Иргэд УИХ-аас
баталсан албан татварын дээд, доод хязгаарын хүрээнд саналаа өгөх боломжтой
бөгөөд иргэдээс авч буй санал асуулгын хуудаст нарийвчилсан тоон мэдээллийг
багтаасан байгаа. Ийнхүү албан татварын хэмжээг шинэчлэн тогтооход иргэдийг
мэдээллээр хангасан байх шаардлагатай. Тиймээс Татварын хэлтсээс төрийн болон
төрийн бус байгууллага, Баян-Өндөр сумын 22 багуудаар явж иргэдэд мэдээлэл
түгээн, саналыг нь авч байна.
Албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал боловч үүнд хамгийн их нөлөө үзүүлэх нь иргэдээс ирүүлсэн санал байх болно. Хэдий чинээ олон хүн саналаа өгсөн байхаас та бидний халааснаас хэчнээн төгрөг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт төлөгдөх вэ гэдэг нь шалтгаална.
- Албан татварын хувь хэмжээ тээврийн хэрэгсэл тус бүрд харилцан адилгүй
байдаг. Үүнийг хэрхэн тооцоолдог вэ︖
- Авто тээврийн болон
өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг тухайн автомашины
хөдөлгүүрийн багтаамжаас хамааран тогтоодог. Жишээ нь: Одоо мөрдөгдөж буй албан
татварын хувь хэмжээгээр тооцвол цилиндрийн багтаамж 2001 см3 хүртэлх
хөдөлгүүртэй суудлын автомашинд 1см3 тутамд 20 төгрөгөөр
тооцон татвар ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, 1500 см3 хөдөлгүүрийн
багтаамжтай суудлын автомашин жилд 30 мянган төгрөг төлнө.
Харин суудлын автомашины цилиндрийн багтаамж 2001-3001 см3 хүртэл бол 1см3 тутамд 22.5 төгрөгөөр татвар ногдуулдаг. Түүнчлэн ачааны автомашин даацын хэмжээгээрээ татвар төлнө. Жишээлбэл, нэг тонн хүртэлх даацын тээврийн хэрэгсэл жилд 31250, 2-3 тонны даацын автомашин 56250 төгрөгийн төлнө. Орхон аймгийн хувьд Баян-Өндөр болон Жаргалант суманд албан татварын хувь хэмжээ харилцан адилгүй байдаг.
Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр УИХ-аас албан татварын дээд, доод хязгаарыг тогтоож өгсөн. Тус хязгаарын хүрээнд аймгийн ИТХ-аас шинэчилсэн хувь хэмжээг тогтооно. Жишээлбэл, хоёр дугуйтай мотоцикл жилд 2000-6000 төгрөгийн хооронд татвар төлж болно гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл иргэд санал асуулгад оролцож дээрх хязгаарт багтаан төлөх боломжтой мөнгөн дүнгээ сонгох юм. Одоогийн тарифаар мотоцикл жилд 2500 төгрөгийн татвар төлж байгаа бол иргэд 2000 төгрөг төлмөөр байвал тэрхүү саналыг харгалзан үзэж шийдвэр гаргана гэсэн үг юм. Мөн цилиндрийн багтаамж 2001 см3 хүртэлх хөдөлгүүртэй суудлын автомашинд жилд төлөх албан татварын хязгаарыг 1см3 тутамд 16-48 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, цилиндрийн багтаамж 2001 см3 хүртэлх автомашин жилд 32000- 96000 төгрөгийн хооронд татвар төлнө. Тиймээс автомашин бүхий иргэд хэдэн төгрөгийн татвар төлмөөр байгаа саналаа ирүүлэхэд л хангалттай.
- Авто тээврийн болон
өөрөө явагч хэрэгслийн албан татвар хаана төвлөрдөг вэ? Түүнчлэн татвар төлөх
хугацааг хуульд хэрхэн заасан байдаг вэ?
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хувь хүн нь жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын нэгний өдрөөс өмнө, аж ахуйн нэгж, байгууллага тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй. Албан татварын хувь хэмжээг аймгийн ИТХ-аас тогтоож байгаа нь бас учиртай. Тус албан татвар орон нутгийн төсөвт төвлөрч, шаардлагатай салбарт захиран зарцуулагддаг. Татвар төлөх нь хүний үндсэн үүрэг. Харин албан татварын хувь хэмжээг тогтооход иргэд өөрсдөө оролцох бүрэн боломжтой.
-Баярлалаа. Иргэн
та саналаа өгөхийг хүсвэл https://or.mta.gov.mn/ сайтад
хандана уу.