ДУНДГОВЬ: Заган ойн өнөөгийн байдал, ашиглалт, хамгаалалтын байдлыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Япон улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх
төслийн байршлыг сонгох судалгааны баг Дундговь аймагт ажиллаж байна.
Тодруулбал, Япон улсын Васэдагийн их сургуулийн Ази
номхон далайн бүс нутгийн судалгааны ахисан түвшний сургуулийн профессор
Мацүока Шюнжи, Окаяма их сургуулийн хүндэт профессор Ёшикава Кэн, БОЯ-ны
байгаль орчин төлөвлөлтийн албаны ахлах мэргэжилтэн Ичицүка Юка, Глобал байгаль
орчны форумын Төлөвлөлт судалгааны хэлтсийн судлаач Сэто Шиничи, Монгол талын
судлаач Ж.Сэргэлэнхүү, Глобал байгаль орчны форумын Монгол дахь ажилтан С.Дэлгэржаргал
нарын бүрэлдэхүүнтэй төслийн баг тус аймагт судалгаа хийхээр хүрэлцэн ирээд
байна.
Энэхүү судалгаа нь цөлжилт явагдаж буй газрын заган ойн
өнөөгийн байдал болон нүүдлийн нийгэм дэх ашиглалт, хамгаалалттай холбоотой ажиллагааг
лавшруулж, харьцуулалт хийж, Япон улсын БОЯ-ны
төсөл хэрэгжүүлэх газрыг сонгох зорилготой.
Энэхүү судалгааг Дундговь аймгийн Өлзийт, Баянхонгор
аймгийн Богд суманд хийх бөгөөд заган
ойн тогтвортой байдлыг хангах тогтолцоог бий болгох боломжийг судлан дүн
шинжилгээ хийсний үндсэн дээр аль нэг сумыг сонгон төслөө хэрэгжүүлэх ажээ.
Судалгааны баг өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт
хийж, орон нутгийн байгаль орчны өөрчлөлт, уур амьсгалын өнөөгийн нөхцөл байдал,
тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авч санал солилцлоо.