ОРХОН: Тусгай хэрэгцээт иргэд хувийн туслах үйлчилгээ авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ “Хүмүүн бие даан амьдрах төв” ТББ хамтран “Хувийн туслах үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь тусгай хэрэгцээт иргэдийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, тэдэнд туслах, нийгэм дэх оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Төсөлд сонсголын бэрхшээлээс бусад бэрхшээлтэй 11 иргэн хувийн туслах ажилтаны дэмжлэгтэйгээр нийгэм дэх оролцоогоо нэмэгдүүлэхээс гадна ур чадвар, мэдлэгээ дээшлүүлж бие даан амьдрах чадварыг давхар эзэмших юм.
Туслах үйлчилгээнд сонгогдсон 18-аас дээш насны 22 иргэн тусгай хэрэгцээт иргэдийн асаргаа, сувилгааны талаар “Хүмүүн бие даан амьдрах төв” ТББ-аас зохион байгуулсан гурав хоногийн сургалтад хамрагдаж туслах үйлчилгээгээ эхлүүлээд байна.
Эдгээр 22 иргэний цалин, урамшуулал, НДШ-т аймгийн ЗДТГ-аас 65 сая төгрөг шийдвэрлэсэн
байна. Уг төсөл энэ оны 12 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Дээрх
хугацаанд нийт 30 туслах ажилтан авахаас одоогоор 22 нь ажилдаа ороод байгаа
юм.
Орхон аймагт тусгай хэрэгцээт 4000 иргэн байдгаас 400 нь байнгын асаргаанд байдаг ажээ.