ОРХОН: Орхон аймгийн хогийн нэгдсэн цэгийг ойжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хогийн нэгдсэн цэгийн 35 га газрыг цэвэрлэж нөхөн сэргээж байна.
Аймгийн ЗДТГ, Хот тохижуулах газар, БОАЖЯ, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” хамтран Орхон аймагт “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж зориудаар ойжуулах” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хогийн цэгийн зөвшөөрөгдсөн 80.3 га газраас тэлсэн 35 га газрын хогийг дарж, хумиж далан босгон хог тархалтыг хязгаарлаад байна. Цэвэрлэсэн 35 га газрын 3 га талбайд ойжуулалт, 1 га талбайд мод үржүүлгийн газар, 11 га талбайд нөхөн сэргээлт хийнэ. Дээрх ажилд БОАЖЯ, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос нэг тэрбум төгрөг төсөвлөжээ.
Орхон аймгийн хогийн нэгдсэн цэг нь 1976 онд байгуулагдсан бөгөөд 46 жилийн хугацаанд 5 сая шоо.метр хог хуримтлагдаад байгаа юм.
Сүүлийн 10 жилд Орхон аймгийн хүн ам 16, аж ахуйн нэгж байгууллагууд 71, айл өрх 16 хувиар өссөнтэй холбоотойгоор хог,
хаягдлын хэмжээ 76 хувиар нэмэгджээ. Жилд
дунджаар 145 мянган м.куб хогийг Говил багт байрлах хогийн нэгдсэн цэгт буулгаж
дарж устгаж байна.