Аргентины ээжүүдийн холбоо 2000 дахь жагсаалаа хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-12 14:10:29

БУЭНОС-АЙРЕС. /ВВС/. Аргентины хүний эрхийн төлөө тэмцэгч “Mothers of Plaza de Mayo” ээжүүдийн холбоо нийслэл Буэнос-Айрес хотод 2000 дахь жагсаалаа хийжээ.

“Mothers of Plaza de Mayo”  бол Аргентины 1976-1983 оны цэргийн хунтын дэглэмийн үеэр “алга болсон” хүүхдүүдийн ээжүүдийн холбоо юм.

Хүүхдүүдэд нь чухам юу тохиолдсныг олж мэдэхийн тулд тус холбооны ээжүүд 1977 оноос хойш долоо хоногийн пүрэв гараг бүрт нийслэл хотын төв талбайд жагсаал хийсээр иржээ.

Тус холбооны үзэж буйгаар, 1976-1983 онд 30 мянга орчим хүн амь үрэгдэж, сураггүй болжээ.

“Mothers of Plaza de Mayo” холбооныхныг дэмжигч хэдэн мянган хүн өчигдөр ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд цугласан байна.

Тус холбооны гишүүдийн олонх нь өдгөө 80 хэдийн гарсан настай хүмүүс болсон бөгөөд тэдний зарим нь одоо бусдын туслалцаагүйгээр алхаж ч чадахгүй болжээ.

Аргентины цэргийн хунтын дэглэмийн үеэр амиа алдсан хохирогчдын тооны талаар хэлсэн үгтэй нь холбогдуулан одоогийн Ерөнхийлөгч Маурисио Макриг шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сүүлийн жагсаал боллоо.

Ерөнхийлөгч Макри энэ долоо хоногийн эхээр “Buzzfeed” цахим хуудсанд ярилцага өгөхдөө “30 мянган хүн амь үрэгдсэн гэдэг яг үнэн эсэхийг би мэдэхгүй юм. Энэ тоо яг зөв гэдэг нь эргэлзээтэй” гэсэн юм.

Летисия Ангерола гэх нэгэн эмэгтэй өчигдрийн жагсаалын үеэр “Макригийн үг хохирогчдын ар гэрийнхний зүрх сэтгэлийг шархлууллаа” гэжээ. Түүний ах болон эгч нь цэргийн дэглэмийн үеэр сураггүй болсон аж.

Г.Доржханд

相关新闻