МСС-ын төсөл Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахад чиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг АНУ-ын Мянганы хөгжлийн сангийн төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байгаа энэ чухал үед Мянганы хөгжлийн сангийн төлөөлөгчдийн хамт Таныг хүлээн авч уулзаж байгаа нь их ач холбогдолтой юм” гээд ЭХЯ-ны зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар товч танилцуулав.
Элчин сайд Женифер Зимдал “АНУ-ын Мянганы сорилтын сан нь өмнө нь Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Салхитийн салхин цахилгаан станцыг барьж байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Одоо Мянганы сорилтын сан хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахад чиглэсэн шийдвэр гаргасан. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү нь амьдардаг гэр хорооллын усан хангамж, хөрсний бохирхдлоос үүдсэн гүний усны бохирдлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд уг хөрөнгө оруулалт чухал юм” гээд хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдээ тохиролцоно гэдэгт найдаж байна гэв.
Уулзалтад оролцогчид Мянганы сорилтын сангийн хоёр дахь төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг хангах нэг нөхцөл бүрдэнэ гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв.
Н.Туяа