ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар ОХУ-д шинэ багц хориг арга хэмжээ авахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /MTI/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссельд хийсэн төлөвлөгөөт уулзалтынхаа үеэр ОХУ-д шинэ багц хориг арга хэмжээ авах талаар тохиролцжээ. Энэ тухай Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто хурлын завсарлагааны үеэр мэдээлсэн байна.
Шинэ багц хориг арга хэмжээнд Оросоос авах эрчим хүчний эх үүсвэрт нэмэлт хязгаарлалт тавих талаар оруулаагүй болохыг Сийярто онцолсон байна. Түүнчлэн Оросын хийг Европ руу нийлүүлсний төлбөрийг хийж байгаа Газпромбанкны эсрэг хориг арга хэмжээ тусгагдаагүй болохыг тэрбээр нэмж хэлжээ.
"ОХУ-ын эсрэг ЕХ-ноос шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсон. Энэ нь одоогоор дүрэм журмыг тодорхой болгоход хамаатай бөгөөд эрчим хүчний эх үүсвэрийн тээвэрлэлтэд тавих ямар нэгэн хязгаарлалтыг оруулаагүй" гэж дипломатч хэлсэн байна.
Шинэ багц хориг арга хэмжээнд Оросын 48 иргэн, нэг шадар сайд, бүс нутгийн улстөрчид, есөн байгууллага өртөх аж. Түүнчлэн төрийн худалдан авалтыг хязгаарлах, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, аудитыг хориглох зэрэг арга хэмжээ орно. Сийярто хориг арга хэмжээнд яг хэн өртөхийг тодорхой хэлээгүй байна.