Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн шуудангийн үйлчилгээг дэмжинэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын шуудан, ачаа тээврийн “Ди Эйч Эл” групп Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-тай төмөр зам болон автозам, агаарын ачаа тээврийн салбарт хамтран ажиллаж санал тавилаа.
Тус группийн Ази номхон далай хариуцсан бүс нутгийн ерөнхийлөгч Кэлвин Люн тэргүүтэй төлөөлөгчид тээвэр логистикийн салбарыг хөгжүүлж, дэлхийн улс оронд хэрхэн үр ашигтайгаар нэвтрүүлэн Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт оруулах хувь нэмэр оруулах боломжтойг судалж, хамтран ажиллах зорилготойгоор манай улсад айлчилж байгаа юм. Тэднийг өчигдөр буюу энэ сарын 10-нд ЗТХ-ийн сайд Д.Ганбат хүлээн авч уулзлаа.
“Ди Эйч Эл” группийн Монгол дахь салбар нь 1989 оноос шуудангийн чиглэлээр ажиллаж байгаад 2005 оноос ачаа тээвэр, карго зэрэгт үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн байна. Цаашид Монгол Улстай төмөр зам болон автозам, агаарын ачаа тээврийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахыг ЗТХ-ийн сайдаас хүссэн юм.
Далайд гарцгүй улсын хувьд тээврийн үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхэд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгийг Д.Ганбат сайд оцнлоод “Түргэн шуурхай, хямд зардлаар тээвэрлэлтийн тусгай горим, хэрэгцээ шаардлага хангасан дэвшилтэт технологи нэвтрүүлсэн буухиа шуудангийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх нь нэн чухал. Монгол холимог тээврийн ложистик төвийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улсын транзит ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” гэлээ.
Ч.Ариунболд