Үерт автсан газарт Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнөөдөр өглөө 11 цагийн үед Орхон аймагт усархаг бороо орсоны улмаас Баян-Өндөр сумын Шанд, Даваат, Яргуйт багийн зарим хэсгийн айл өрх усанд автаж үерийн суваг, шуудуу бөглөрчээ.
Иймд ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгээр ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж үерт автсан газартай танилцлаа. Үерт Шанд багийн 17 дугаар сургуулийн баруун хэсэг, тус багийн 21,22 дугаар гудамж, явган хүний зам усанд автаж иргэд зорчих боломжгүй болсон байна. Мөн “Толгод” гудамжны 1-32 тоот, “Шинэ зам” гудамжны төгсгөл усанд автаж 6 дугаар микр дэх үерийн хэд, хэдэн суваг зарим иргэний буруутай үйл ажиллагаанаас болж шороонд дарагдсан байна. Иймд аймгийн Онцгой байдлын газар 46 хүний бүрэлдэхүүн, 4 техниктэйгээр үерт автсан газарт ажиллаж байна. Одоогийн байдлаар 20 гаруй өрх усанд автсан ажээ.
Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү үерийн суваг, шуудууг бөглөсөн буруутай этгээдийг тогтоох, түүнд хариуцлага тооцох, ОБГ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК—иас техникийн туслалцаа авах зэрэг үүрэг даалгаварыг холбогдох байгууллагуудад өглөө. Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 27-ны 20 цагт орсон хүчтэй аадар борооны улмаас хоёр хүүхэд эндсэн. Тиймээс иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, хариуцлагатай байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Маргааш усархаг бороо үргэлжлэн орно.
Б.Оюун-Эрдэнэ