Ши Жиньпин Москвад айлчлахаас татгалзсан тухай мэдээлэлд тайлбар хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-07 11:25:04

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цар тахлыг үл хайхран Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд нягт холбоо харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.  


Тэрбээр Ши Жиньпин дэлхий дахинд коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Москвад айлчлахаас татгалзсан гэх мэдээлэлд тайлбар хийх хүсэлтэд хариу өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна.


“Цар тахал дэгдсэний дараа Хятад, ОХУ-ын удирдагчид янз бүрийн хэлбэрээр нягт харилцаа холбоогоо хадгалсаар байна. БНХАУ, ОХУ иж бүрэн түншлэлийн харилцаагаа тасралтгүй хөгжүүлэхийн тулд бүх түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж Жао Лизянь хэлжээ.


Дипломатчийн хэлснээр, Бээжин, Москва хоёр орны харилцааг амжилттай бэхжүүлж байна. “Хятад, Орос улс хоёр талын хамтын ажиллагааны бүхий л салбарт үр бүтээлтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна” гэж Жао Лизянь цохон тэмдэглэсэн байна. 


Ши Жиньпин тахал өвчний улмаас Орост айлчлах Путиний урилгад татгалзсан хариу өгсөн гэж Японы хэвлэлүүд урьд нь мэдээлсэн юм. Зургаадугаар сарын 15-нд хоёр улсын удирдагчид утсаар ярих үеэр Оросын тал айлчлах саналыг тавьсан гэдгийг тус улсын хэвлэлүүд онцолжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээллийг худал ташаа гэж мэдэгдсэн байна. 


相关新闻