Намрын ээлжит чуулганаар 252 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх санал ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална” гэж заасан. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлын талаар санал авахад УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс 58, Засгийн газраас 118, Байнгын хороодоос 69, Улсын Их Хурлын гишүүдээс 8 буюу давхардсан тоогоор 252 хууль, тогтоолын төслийг тусгуулах саналаа албан бичгээр ирүүлжээ.
“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан байна. Үүнд:
1.“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд
2.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд 2022 онд хэлэлцэх хуулийн төслүүд
3.“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд
4.“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны тогтоолд 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
5.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.