Агаарын бохирдлыг бууруулах талаар хүүхдүүд санал бодлоо солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-15 11:36:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хүүхэд залуучууд–Цэвэр агаарын төлөө” туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг Алтай хотноо боллоо.

Баянхонгор, Говь-Алтай аймгийн “Цэвэр агаар, уур амьсгалын төлөөх хүүхэд, залуучуудын сүлжээ”-ний гишүүн хүүхдүүд өөрийн орон нутагтаа хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар туршлагаа солилцож, мэдээлэл авах, гишүүдээ идэвхжүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Энэ үйл ажиллагаанд хоёр аймгийн нийт 92 хүүхэд, багш, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож аймаг бүртээ хийсэн ажил, сайн туршлагаа танилцуулж, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудалд хүүхэд, залуус яагаад оролцох хэрэгтэй болон орон нутгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагын хүмүүсээс сонсож YOUCCAN-ний гишүүн, TEDx-ийн илтгэгч У.Ану-Үжин өөрийн амжилтын түүхээсээ үе тэнгийн найзууддаа хуваалцсан юм.

Мөн үеэр Баянхонгор, Говь-Алтай аймгийн YOUCCAN-ний гишүүд “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдан хэрхэн нөлөөллийн ажил хийсэн талаараа үе тэнгийн найз нөхдөдөө хүргэсэн сонирхолтой уулзалт хэлэлцүүлэг болсноос гадна орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг өөрсдийн оролцоотойгоор мөн томчууд буюу шийдвэр гаргах түвшний насанд хүрэгчдийг хийгээсэй гэж хүсч байгаа саналуудаа танилцууллаа.

Тухайлбал, дотоод орчны бохирдлыг бууруулахад:

-Ашигтай тасалгааны ургамал тарих

-Чип багцыг хэрэглэх, сурталчлах

-Агаар сэлгэлтийг байнга хийх

-Агааржуулалтын системээ хянах

-Гадаад орчны бохирдлыг бууруулахад:

• Ил хог хаяхгүй

• Мэдсэн зүйлээ бусдад танилцуулах

• Эрүүл мэндийн челленжүүд зохион явуулах

• 1000 цэцгийн баяр

• Цэцэрлэгийн дүү нартаа цэцэг тарьж өгцгөөе гэдэг санал гаргав. Энэхүү үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ГБХЗХГ,  БОАЖГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа. 

Өнгөрсөн өвөл Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас Есөнбулаг сумын агаарын чанар хэр байгаа талаар тогтмол судалгаа хийсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар:

“Есөнбулаг сумын агаар дахь хүхэрлэг хий /SO/, азотын давхар исэл /NO2/-ийн хэмжээг 8, 14, 20 цагт 20 минутын хэмжилт хийж үзэхэд хүлцэх хэмжээнээс даваагүй байна. Энэ 7 хоногт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/ хүлцэх хэмжээнээс давсан тохиолдол гараагүй боловч 2021 оны мөн үетэй харьцуулахад агууламж нэлээд нэмэгдсэн байна. Агаарын чанарын хяналтын харуулын ашиглаж байгаа багажтай нэг талаараа холбож үзэж болох юм. Учир нь тус харуулын ашиглаж байгаа механик ажиллагаатай 30 гаруй жил болж байгаа багаж юм” гэлээ. Мөн 24 цагийн давтамжтайгаар гадна агаар дахь тоосонцор хэмжих бага оврын автомат багажыг 1, 4, 8 дугаар цэцэрлэг, 1 дүгээр сургууль, нэгдсэн эмнэлэгийн орчимын 5 байршилд суурилуулсан аж. Тус багажын хэмжилтээр РМ 2,5, РМ 10,0 тоосонцорын хувьд хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тухай танилцуулав.

Агаарын чанарыг байнгын болон нарийвчилсан судалгааны хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд агаарын бохирдлын эх үүсвэрүүдийн байрлал, автомашины хөдөлгөөн, хүн амын төвлөрөл, цаг агаарын байдал, гэр хороолол халаалтын зуухнуудын галлагаа, эрчим, хүчний хэрэглээ зэргээс шалтгаалан бохирдол илэрдэг ажээ. 


相关新闻