БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Тайландын гүнжид бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид энэ өдрүүдэд Тайланд улсад албан томилолтоор ажиллаж байна.
Тайланд улсад Ази номхон далайн бүсийн орнуудын боловсролын сайд нарын 2 дугаар бага хурал болж байгаа юм. Энэхүү хуралд оролцох үеэрээ боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхлаа. Тайландын эрхэмсэг гүнж 2007 онд Монгол Улсад айлчлах үеэрээ өөрийн санаачилсан сурагчдын хоолны чанар, шим тэжээл, эрүүл бүтээгдэхүүнээр хангах бичил тогтолцоог бүрдүүлэх төслийг эхлүүлж байсан юм. Төслийг Төв аймгийн Алтанбулаг, Баян, Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулиудад 2009-2016 онд хэрэгжүүлсэн.


