Төслийг хэрэгжүүлснээр төгсөгчид ажил эрхлэх чадварыг давхар эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-08 16:11:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зарласан Сургуульд суурилсан энтрепрайз төслийн уралдаанд Эрдэнэцагаан сумын ЕБС шалгарч 75 сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ.

“Технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд энтрепренершип боловсрол олгох нь” төслийг боловсруулж, улмаар ийнхүү хэрэгжүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл төслийн гол санаа нь стандартад нийцсэн технологийн анги танхим тохижуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн орлого олж, тухайн орлогоороо сургалтын чанар, орчныг сайжруулах төдийгүй төгсөгчид нь ажил эрхлэх чадварыг давхар эзэмшихээрээ онцлог. Монгол Улсад энэхүү шинэлэг төслийг таван сургууль хэрэгжүүлж, цаашид хэрэгжүүлэгч нь загвар сургууль болох боломжтой юм байна. 

Эрүүл зөв нийгмийг бүрдүүлэхийн гол үндэс нь мэдлэг чадвартай хүнлэг иргэдийг бий болгох юм. Сайн иргэдийг бий болгохын үндэс нь багш нарын ур чадвар, арга зүй, ашиглаж байгаа сургалтын хэрэглэгдхүүн болон кабинетын орчин бүрдсэн газар хичээл ордог байж сайн шавь, сайн иргэдийг төлөвшүүлэх явдал юм. Тус хичээлийн байрны сургалтын орчин, танхим, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал орчин үеийн сургалтын шаардлага хангахгүй байна. Суралцагчдаас судалгаа авч үзэхэд судалгаанд оролцогчдын 78,0% нь сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь шаардлага хангадаггүй гэсэн санал өгсөн. Иймд стандартад нийцсэн технологийн анги танхим тохижуулж сурагчдад энтрепренершип ур чадвар эзэмшүүлэх нь төслийн үндэслэл, шаардлага болж байна гэж төсөл боловсруулагчид тодорхойлжээ.


Сургуульд суурилсан энтрепрайз /ССЭ/ гэдэг нь сурагчид сургуулийн орчинд зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх энтрепренерийн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг байна.

Японы хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зорилтот 25 суманд дээрх төсөл хэрэгжиж байгаа. Харин Сургуульд суурилсан энтрепрайз төслийн уралдаанд улсын хэмжээнд 15, Сүхбаатар аймгаас гурван сум оролцсон бөгөөд төслийн санхүүжилт нь буцалтгүй, цаашид тогтвортой байдлыг ханган тогтмол хэрэгжүүлэх юм. 

相关新闻