Хоёрдугаар сургууль ирэх хичээлийн жилд урлагийн заалтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль
20 жилийн турш урлагийн заалгүй, өөрөөр хэлбэл урлаг соёлын бүх үйл ажиллагааг спорт зааландаа зохион байгуулсаар өнөөг хүрсэн. Тэгвэл ирэх хичээлийн жилд тус
сургууль стандартын урлагийн заалтай болно.
Тодруулбал улсын
төсвийн 600 гаруй сая төгрөгийн өртгөөр урлагийн заал барих ажлыг өнгөрсөн оны
намар эхлүүлсэн. Одоогоор барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байгаа
бөгөөд БНХАУ-ын хил хаалттай байгаагаас үүдэн зарим материал нь хүлээгдээд
байгаа аж. Дээвэр болон бусад хэрэгслүүдийг захиалгаар бэлэн болгосон, хилээр
орж ирмэгц угсралтын ажлуудыг хийн, ирэх долоодугаар сард хүлээлгэн өгөхөөр
гүйцэтгэгч компани ажиллаж байна.
Энэхүү заал нь 23х18
харьцаатай, 150 хүүхдийн суудалтай. Заал ашиглалтад орсноор хичээлээс гадуурх
үйл ажиллагаа, дугуйлангуудыг хичээллүүлэх ч боломж бүрдэх юм. Учир нь 650
хүүхдийн суудалтай сургуулийн ачаалал хоёр дахин нэмэгдэж 1200 орчим сурагчтай
болсон. Үүний улмаас дуу хөгжмийн өрөө, хөгжим бүжгийн дугуйлан хичээллүүлэх
анги танхимгүй болсон байжээ.