Хяналт шалгалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас албаны байгууллагуудтай хамтран Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан чиглэлийн тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар архи, тамхи хууль бусаар худалдаалсан, хог хаягдлын хураамж төлдөггүй, и-баримт
олгодоггүй, иргэд байгууллага хоорондын уялдаа зохион байгуулалт муу, орчны
эрүүл ахуй, хог хаягдлын цэвэрлэгээ, эмх цэгц хангалтгүй, татвар төлдөггүй
зэрэг олон зөрчил илэрчээ.
Мөн хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэдэггүй, үйлдвэрлэсэн хоол хүнснээс дээж авч, бүртгэл хөтөлж хэвшээгүй, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиггүй, махны гарал үүслийн бичиггүй, 84 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Албаныхан мэргэжлийн байгууллага, улсын байцаагч нарын албан шаардлага, зөвлөмж чиглэлийг шуурхай хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг чанд мөрдөх, тайлан мэдээгээ тогтмол гаргах, хог хаягдлын хураамжаа төлж хэвших, ногоон байгууламж руу мал оруулахгүй байх, ажиллаж амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах зэрэг албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.
Хяналт шалгалтыг Цагдаагийн газар,
Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар Хамарын
хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сайншанд хотын Захирагчийн ажлын
алба, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, “Тохижилт-Сайншанд хот тохижилт”-ын газар хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын баг зохион байгуулжээ.