“Хүрэл тамга” үзмэрийг Чингис хааны музейд шилжүүлэхээр шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-аас аймгийн Музейд хадгалагдаж буй “Хүрэл тамга” үзмэрийг Чингис хааны музейд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Энэхүү хүрэл эдлэлийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас
1969 онд музейн захирал асан Ж.Сугар цуглуулгаар олж иржээ. Бүтээгч нь
тодорхойгүй 2,5 см өндөртэй, 2,7 см өргөнтэй, 12,5 гр жин бүхий энэхүү үзмэрийг
Түрэг улсын үе /VI - VIII зуун/-д хамаатай хэмээн үздэг.
Дурсгалын шинж
байдал: Археологийн олдвор. Цутгамал. Хүрээний зузаантай
зэрэгцүүлж үсгүүдийг товойлгож гаргасан. Хүрээний дээд талын багахан хэсэгт
сэтэрсэн. Мөн хажуу талын зүүн доод өнцөгт 1 см хугарсан. Ар талдаа сэнжтэй
байсан бололтой сэнжний хугарсан оромтой.
Тодорхойлолт: Эрдэмтэн Х.Лувсанбалдан Дундговь аймагт
шинжилгээний ажлаар явж байхдаа тус аймгийн орон нутгийг судлах музейд эртний
түрэг бичээс бүхий хүрэл тамга хадгалагдаж байсныг үзэж, 1962 онд “Шинжлэх
ухааны мэдээ” сэтгүүлд нийтлэл бичиж байсан түүхтэй.
Мөн бичээс бүхий энэ хүрэл эдлэл зориулалтын хувьд номын
баринтгийн үзүүрт уясан чулуун тээг, зоосон дээр болон хад чулуунаа сийлсэн
бусад түрэг бичээсийн алинтай ч адилгүй бөгөөд хэв байдал нь тамга, тэмдгийн адилаар бичиг, баримт дээр
дарж хэрэглэхэд зориулсан мутрын тэмдэг юм гэж ШУА-ийн мэдээ сэтгүүлд эрдэмтэн Б.Базылхан
1964 онд хэвлүүлж байжээ.
Тэрээр бичээсийн үсгийг “хутлуг” хэмээсэн үг хэмээн тайлбарласан
байна. Уг үгийн эхний “хут” гэсэн үг нь "аз жаргал",
"буян", буян хишиг гэсэн утгатай. Хоёрдугаар үе болох “луг” гэдэг нь
лик, лич гэсэн дагавар, уул үг нь бүтнээрээ "аз жаргал, буян хишиг, элбэг
дэлбэг" гэсэн утга илэрхийлж байгаа гэжээ.