"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд Завханы 14 мянган иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-31 17:08:32

Завхан/МОНЦАМЭ/."Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хаалтын үйл ажиллагааг тус аймагт зохион байгуулж, 780 гаруй хүн оролцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулсан "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аян орон даяар хаалтаа хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн энэ аянд Завхан аймгийн 14 мянга орчим иргэн идэвхтэй хамрагджээ. Аянд Улиастай сумын Биеийн тамир спортын газар, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв болон 24 сумын спортын 30 гаруй заал, фитнес, спининг, бүжиг, уулын таван клуб нэгдэж өглөө бүр 6.30-7.30 цагт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж дасгал, хөдөлгөөн хийхэд нь дэмжсэн байна.  

Аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Улиастай суманд гэхэд 2300 гаруй иргэн дасгал хөдөлгөөнд биечлэн оролцлоо. Дасгал хөдөлгөөн хийх иргэдийн тоо өдөр ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд 186 байгууллага энэхүү аяныг дэмжин оролцлоо. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас “Цогт фитнес” төвтэй хамтран эрчимтэй жин хасах уралдаан зарлаж, 150 гаруй иргэн хамрагджээ. Аяны хаалтын үйл ажиллагааг “Заан Товцог” хайрхны Бага оргил, Бурхант цохион дээр зохион байгуулж, аймгийн төвийн ууланд идэвхтэй аялж, уулын спортоор хичээллэдэг 780 гаруй иргэн оролцлоо гэж Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.







Иргэд долоо хоног бүр ууланд авиралт хийдэг уламжлалтай

Завханы төв, Улиастай сумын иргэд долоо хоног бүр ууланд аялдаг уламжлалтай.

Тэгвэл бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилготой "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд 2560 гаруй иргэн ууланд тогтмол аялжээ. Улиастайчуудын эерэг дадал болох долоо хоногт нэг удаа заавал ууланд аялах энэ арга хэмжээнд анги, ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ аялдаг уламжлал 2017 оноос хойш тогтжээ.

Тухайлбал Завханы явган аяллын клуб гэхэд сүүлийн гурван жил нийт томоохон 10 удаагийн явган аяллыг зохион байгуулаад байна. Явган аяллын клуб  долоо хоног бүрийн бямба гаригт Завхан аймгийн төвийн эргэн тойрны томоохон ууланд аялал хийдэг уламжлалтай. Тэдний анхны аялалд 100 гаруй хүн оролцож байсан байна. Харин өнөөдрийн байдлаар ууланд идэвхтэй аялдаг 170 гаруй иргэн байна. Тэд одоогийн байдлаар Богдын гол багийн нутаг дэвсгэрт орших Товцог хайрхан, Жинст хайрханд байнгын авиралтыг хийдэг. Дулааны улиралд Алдархаан сумын нутаг Мандаат ууланд аялдаг ажээ. Товцог хайрхан уулын өндөр нь далайн төвшөөс 2875 метр бол Жинст хайрхан нь 2400 метрийн өндөрт оршдог аж. 2017 онд  аяллын клубийнхэн аймгийн Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Очирваань хайрхан, Даян хайрхан ууланд аялал хийжээ. Энэ аялалд 30 гаруй залуус дугуйтай оролцож 135 километр аялжээ.



 

Эргэлтэт дугуйгаар 2700 гаруй хүн хичээллэжээ

Завханд спининг буюу “Эргэлтэт дугуй”-н клубт хичээллэж, илүүдэл жингээ эрүүлээр хаях, спортоор хичээллэхийн ач тусыг бие биедээ үлгэрлэж уриалдаг хандлага хэдийн тогтжээ.

2017 оноос нээгдсэн тус клубт өнөөдрийн байдлаар 2700 гаруй иргэн тогтмол хичээллэжээ. Мөн давхардсан тоогоор хөгжлийн бэрхшээлтэй 170 гаруй хүүхэд, залуучууд үнэ төлбөргүй амжилттай хичээллэсэн байна. Энэ жил гэхэд энэ клубт "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд байнгын 130 иргэн хичээллэжээ. Тус клуб хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж булчин суллах, мөн огт хөдөлгөөнгүй саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөний эвсэл оруулах эмчилгээний дасгал хөдөлгөөнийг зааж эмчилгээ хийдэг байна. Мөн клуб нь үйлчлүүлэгчдэдээ суурин дугуйн дээр дасгал хийлгэхээс гадна фитнес, булчин суллах бариа, толгойн бариа, бүтэн биеийн эмчилгээний бариа засал, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, нурууны суултын эсрэг дасгал, зөвлөгөө өгдгөөрөө бусад клубээс давуу талтай аж. Завхан спининг клуб нь Монголын Тусгай Олимпын хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст зориулсан "Хамтарсан фитнес хөтөлбөр"-ийг сүүлийн гурван жил явуулж байна. Энэ хөтөлбөрөөр өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 130 орчим хүүхэд үнэ төлбөргүйгээр бэлтгэл сургуулилт хийжээ.


Хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сайн дурын 5-12-р ангийн сурагчид хамтдаа хамрагддаг байна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд ахисан шатанд хүрдэг төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй, найз нөхөд болох, тэднийг ойлгох дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү өөртэй итгэлтэй болдог. Хөтөлбөрийн зорилтот хүүхдүүд долоо хоногт гурван өдөр олон талт фитнес хичээлд хамрагдаж байсан бөгөөд бие бялдрын хувьд ч маш том өөрчлөлт орсон. Энгийн хүүхдүүд маань энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгоход олон сонирхолтой санаачилга гаргадаг тухай Монголын Тусгай олимпын хорооны Завхан дахь төлөөлөгч дуулгав. 




相关新闻