Төрийн байгууллагуудыг “Хүүхэд бүрийн төлөө” аянд нэгдэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Прокурорын газрын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд
“Сайн үйлс”, “Хүүхэд бүрийн төлөө” аяныг өрнүүлж байгаа бөгөөд Хэнтий
аймгийн болон Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хамт олон тус
аянд нэгдлээ.
Тодруулбал, хүүхэд бүрийн хөгжих, сурч боловсрох эрхийг дэмжих, чөлөөт
цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Номын санд
“Дэлхийн жүжгийн дээжис” 10 боть, хүүхдийн “Солонгон цуврал” 37 боть буюу нийт
47 боть номыг хүлээлгэн өглөө. Мөн бусад төрийн байгууллагыг “Хүүхэд бүрийн
төлөө” аянд нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалав.