Монгол Улс ашигт малтмалын нөөц арвин ч хөрөнгө оруулах нөхцөлөө хангаагүй гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-17 16:46:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгаанд оролцогчдын 79 хувь нь Монгол Улс ашигт малтмалын нөөц арвин учраас хөрөнгө оруулахад бэлэн гэж хариулжээ.


Харамсалтай нь, гадаадын хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрэн хангаагүй, бодлого институцын хүчин зүйлс сул гэж дүгнэснийг судалгааны тайланг танилцуулах үеэр мэдээллээ. Тодруулбал, геологийн мэдээллийн хүртээмж бүрэн ил тод биш, шүүхээр маргааш шийдүүлэхэд бэрхшээлтэй, хууль эрх зүйн тогтолцоо бүрхэг, дэд бүтцийн хүртээмж нь хөрөнгө оруулахад хамгийн их саад болдгийг судалгаанд оролцогчид тэмдэглэсэн байна.


Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг Олон улсын судалгааны Адам Смит интэрнэйшнл компаниар хийлгэжээ. Ингэхдээ хөрөнгө оруулахад дээрх хүчин зүйлс ямар нөлөөтэйг Австрали, Замби, Монгол Улсыг харьцуулан судалсан байна.



Судалгаа нь хугацааны хувьд цагаа олсноос гадна манай орны уул уурхайн салбар бусад орныхтой харьцуулахад хаана яваа, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг асуудлыг эрэмбэлэх ач холбогдолтой байсныг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал тэмдэглэлээ. Тэрбээр, “Монгол Улс 1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж байгаа. Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн голлох бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Энэ хэмжээгээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх тустай”-г онцолсон юм.


Уул уурхайн салбар сүүлийн 30 жилд Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэн, ДНБ-ий 25, гадаадын хөрөнгө оруулалтын 70-75 хувийг эзэлж байна.


ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач энэ үеэр ярихдаа, “Монгол Улс эрдэс баялгаа ашиглахад гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой уул уурхайг дэмжих зорилгоор судалгаа хийсэн. Монгол Улсын хувьд татвар, тусгай зөвшөөрөл, лиценз авах гэхчлэн олон зүйлийг сайжруулснаар хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ” хэмээв.


Судалгааны тайлан танилцуулахад уул уурхайн салбарын эксперт, төслийн багийнхан, уул уурхайн оролцогч талуудын төлөөлөл мөн цахимаар оролцлоо. 

相关新闻