ШУА СЭЗИС-тай инновац, технологийг зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-04 12:26:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА,  Санхүү Эдийн засгийн их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр нар гарын үсэг зурав. 

Энэхүү санамж бичиг нь  ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон СЭЗИС-ийн 2021-2031 оны стратегийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудын хүрээнд талуудын эрдмийн хамт олны үйл ажиллагааны нийтлэг чиг хандлага, материаллаг баазад түшиглэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх, талууд харилцан өөрсдийн харьяа лаборатори, хүрээлэн болон бусад судалгааны баазыг түшиглэн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, ахисан түвшний суралцагчдын судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.


Санамж бичигт дараах чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.  

 

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын хамтын оролцоог хангасан  “Салбар дамнасан жишиг төслүүд”-ийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх;

-Талуудын хүний нөөцийг чадавхжуулах, нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, шинжлэх ухааны ололт амжилтад суурилсан ахисан түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, СЭЗИС-ийн профессорын баг,  тэнхимүүд болон ШУА-ийн хүрээлэнгүүд үр дүнтэй хамтран ажиллах оновчтой арга хэлбэрийг  хөгжүүлэх;

-Төсөл, хөтөлбөр, судалгаа, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх,  бүс нутаг болон олон улсын төсөл хөтөлбөрт хамтарсан судалгааны баг байгуулан оролцох;

-Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах;

-Талууд нөөц, боломжоо зохистой хуваарилах замаар харилцан туслалцаж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан тэнхим, гарааны компани байгуулж ажиллуулах; 

-ШУА-ийн харьяа хүрээлэнгээс СЭЗИС-ийн ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа судлаачдаас олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн, өндөр ур чадвартай судлаачдад сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;


Дээрх санамж бичгийг 4 жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд талууд хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах юм. 



相关新闻