Номоор нөхөрлөсөн найзууд Мандалговь хотноо уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-29 22:02:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төвөөс хамгийн алслагдмал Сайхан-Овоо, Өндөршил сумын дунд сургуулиудын 6 дугаар ангийн сурагчид цахимаар танилцан улмаар Мандалговь хотноо "Номоор нөхөрлөсөн найзууд" танилцах уулзалт хийж байна.
Өндөршил сумын сургуулийн багш Ч.Цэрэнпүрэв, Сайхан-Овоо сумын багш Ц.Дэлгэртөгс нар өөрсдөө нэг ангид суралцаж, улмаар хоёулаа биеийн тамирын багш мэргэжил эзэмшин, тус аймгийн хамгийн алслагдмал баруун, зүүн сумдад багшилж, 4 анги төгсгөн, энэ жил хоёулаа 6 дугаар анги шинээр дааж авсан багш нар юм. 
Нөхөрлөлд алс, холын зай саад болдоггүй аж. Үргэлж хоорондоо холбогдож, ажлын туршлагаа солилцон өнөөдрийг хүрсэн төдийгүй шавь нараа ч хооронд нь холбон нөхөрлүүлж чадсан нь энэ багш нарын сэтгэлийн холбоо, ажлаа гэсэн зүтгэл юм.
Бяцхан найзууд Монгол Улсын алдарт гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан анги хамт олноороо "С.Буяннэмэх тэмдэгтэн" болохоор номд шамдан суралцаж байна.
2 сумын сурагчдыг ийнхүү танилцах уулзалтаа хийх үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан, халуун дулаан яриа өрнүүлж, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын сурагчид тоглолтоо толилуулжээ. Мөн аймгийн Цагдаагийн газар, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан урьж байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулсан байна.
Сурагчид маргааш зохион байгуулах "Монгол бичиг үсгийн баяр"-т мөн уригдан оролцох ажээ. 
Ийм гэгээлэг санаачилга гарган үе тэнгийн найзууддаа номтой нөхөрлөхийн ач тусыг ойлгуулж, уриалж байгаа эдгээр сурагчдын санаачилгыг аймгийн Засаг дарга сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

相关新闻