Ахмадын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол Улсын 6 удаагийн аварга Ж.Лхагваагийн нэрэмжит “Ахмадын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн”-ийг Дундговь аймагт зохион байгууллаа. Тус тэмцээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 12 аймгийн 100 гаруй шатарчин оролцжээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга
Ц.Мөнхбат, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, тус холбооны
хүндэт ерөнхийлөгч С.Энхцаг, Дундговь аймгийн шатрын холбооны тэргүүн
С.Сүхбаатар нар оролцож, энэ үеэр нэрт шатарчин Ж.Лхагвааг аймгийн “Хүндэт
иргэн”-ээр тодруулан, хүндэтгэл үзүүлсэн байна.
Дундговь аймагт 2011 оноос шатрын спорт эрчимтэй хөгжиж,
шатрын клуб, дугуйлангууд олноор үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ
хугацаанд спортын мастер 2, спортын дэд мастер 4 төрөн гарч, Говийн бүсийн 2017
оны аварга багаар тодорч, Зүүн бүсийн 2018 оны тэмцээнээс тусгай байрын шагнал
хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлжээ.
Одоогоор аймгийн хэмжээнд өсвөрийн болон бага насны 350
гаруй хүүхэд багачууд шатрын клуб, дугуйланд хамрагдан, тогтмол бэлтгэл
сургууль хийж байгаа юм.


