Р.Санжжав: Манай бүтээгдэхүүн зураасан кодтой учир дэлхийн хаанаас ч захиалж авах бүрэн боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-21 10:01:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн баялаг бүтээгч, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруул үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийнхээ эчнээ танил болсон “Баян таян” ХХК-ийн захирал Р.Санжжавтай ярилцлаа.Тэрээр анх 2008 онд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж “Баян таян” ХХК байгуулжээ. Үйлдвэр хамгийн сүүлд чихрийг орлох шинэ бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, "Шоколадтай ааруул", “Цагаан доктор”-ыг хот хөдөөгийн хэрэглэгчдэдээ хүргэж байна. 


-Алтай нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ? Үйлдвэрлэлийг эрхлэх нээх санааг хэрхэн олов?

-Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн маань манай гэр бүлд амьдралаа шинээр эхлэх боломжийг бий болгосон. Манайх Цээл суманд мал маллан амьдардаг байсан. 2008 онд сум маань үерийн гамшигт өртөн малгүй болж аймагт ирж суурьшаад энэ бизнес болон амьдралаа шинээр эхэлсэн. Ер нь бол хөдөөний хүмүүс чаддаг зүйлээ л хийж эхэлье гэж бодсон.

Аливаа зүйлийг шинээр эхлэхэд саад бэрхшээл тохиолддог. Гэхдээ аар саархан бэрхшээлд сөхрөөд байвал амьдралд ахиц дэвшил гарахгүй. Орчлонд жамаараа болж байгаа үй олон юмс үзэгдэл, өөрт нь тохиолдож буй учрал тохиол бүгдийг зөв талаас нь харж, эерэг талаас нь бодож байхыг чармайн энэ үйлдвэрээ нээж билээ. Тухайн үед ах дүү, хамаатан садан, найз нөхөд олон хүн тусалж дэмжиж байсан. Сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний үйлдвэр маань 2008 оноос өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа ба Алтай хотынхоо хамгийн анхны үйлдвэр юм.

Одоо үйлдвэр тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, чипсэн ааруул, цөцгийн тос, хүүхдийн илчлэг тэжээл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.  

-Танай бүтээгдэхүүн сав баглаа боодлын хувьд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц болжээ. Материал, түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Манайх сав баглаа боодлоо Манжуурт хийлгэдэг. Анх чанар, стандартад нийцсэн өнгө үзэмж сайтай баглаа, боодолтой бүтээгдэхүүнээ аймгийнхаа зах зээлд гарган, дэлгүүрүүдэд тавиулдаг байхад иргэд хотын ааруул гээд худалдаж авдаггүй, шошгыг нь авчихаар авдаг байсан.

Материал түүхий эдээ зунд нь орон нутгийнхаа малчдаас, өвөлд нь Баянхонгор аймгийн Галуут сумаас худалдан авдаг. Ер нь аливаа бүтээгдэхүүний түүхий эд чанартай, найдвартай байх нь түүнээс гарах бүтээгдэхүүний чанарт мөн адил нөлөөлдөг. Барааны чанар гэдэг нь бүтээгдэхүүнийг зориулалтаар нь ашиглахад хүний хэрэгцээг хангах эсэх чадварыг илэрхийлдэг  шинж чанаруудын нийлбэр цогц юм. Бараа бүтээгдэхүүн бүр маш олон бодит онцлогууд болон шинж чанартай байдаг. Энэ шинж чанарууд нь түүнийг бүтээж бий болгоход мөн эдэлж хэрэглэх явцад илрэн гардаг. Барааны чанарыг үнэлэхэд хүмүүсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс бид материал, түүхий идээ худалдаж авахдаа амт чанар, хадгалалт зэргийг бүгдийг нь шалгаж авдаг. Түүнчлэн ямааны сүүгээр цэвэр монгол молоко үйлдвэрлэж байгаа. Иргэд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд ороод байна. 

-Танай бүтээгдэхүүнүүд аймаг орон нутагтаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн төдийгүй “Хуруухан” болон “Чигчийхэн” зэрэг чипсэн ааруулаар нийслэлчүүдэд орон нутгаа сурталчилж таниулж байгаа. Борлуулалтаа хаагуур хийж байгаа вэ?

-Ааруул нь хүний биед зайлшгүй хэрэгцээт үл орлогдох амин дэм С, Р, В, А тос, уургаар баялаг удаан хугацаагаар өөрийн амт чанар тэжээллэг байдлаа хадгалдаг бүтээгдэхүүн учир нийт хэрэглэгчид ялангуяа хүүхэд багачуудын ясны бэхжилт, өсөл хөгжилтөд чухал үүрэгтэй бүтээгдэхүүний нэг юм. “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” гэх мэт олон янзын савлагаатай ааруул хийдэг. Манай бүтээгдэхүүнүүд үндэсний тохирлын тэмдэг, зураасан кодтой учир гадаадад оршин суугаа монголчууд маань захиалж авах бүрэн боломжтой. 

Манай компани бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг нэрийн дэлгүүрээ Алтай хотноо нээн ажиллуулж, хэрэглэгчдэдээ улам ойртсон. 2008 оноос хойш орон нутгаасаа гадна хэд хэдэн газар өөрийн салбараа нээж үйлдвэрлэлээ өргөжүүлээд байгаа. 2015 оны долдугаар сард Эрдэнэт хотод, наймдугаар сард Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод салбараа нээж тухайн орон нутгийн иргэдийг чанартай цагаан идээгээр хангаж байна.

Эдгээр салбаруудыг манай дүү нар хариуцан ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангаж байна. Сүү, цагаан идээний үйлдвэрээ нээснээр өөрийнхөө амьдралыг төдийгүй өрөөл бусдын амьдрал ахуйд нь ихээхэн хувь нэмэр болж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. 

-Хүүхдүүдийн дуртай чипс, чихрийг орлох “Цагаан доктор”, “Ааруулан чихэр” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэж дуулсан. Бүтээгдэхүүнээ танилцуулбал?

-Хүүхэд багачууд маань чихэрт дуртай. Тиймээс чихрийг орлуулах зорилгоор “Ааруулан чихэр”-ийг үйлдвэрлэж байгаа. Ааруул нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй үл орлогдох амин дэм С, Р, В, А тос, уургаар баялаг удаан хугацаагаар өөрийн амт чанар тэжээллэг байдлаа хадгалдаг бүтээгдэхүүн учир нийт хэрэглэгчид ялангуяа хүүхэд багачуудын ясны бэхжилт, өсөл хөгжилтөд чухал үүрэгтэй.

Харин “Цагаан доктор” бүх насныханд зориулсан ханиад томуу, ясны сийрэгжилтийн эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Мөн дархлаа суларсан үед уухад нэн тохиромжтой. Найрлагадаа хатаасан аарц, хөмүүл, сүү, витамин С агуулснаараа онцлогтой.

-Танай компани орон нутгийнхаа шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр олонтаа шалгарсан. Орон нутгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй та бүхэнд дэмжлэг үзүүлдэг  уу?

-Тийм ээ. Эрхэлж буй энэ ажилдаа, дуртай учир чин сэтгэлээсээ, уламжлалт технологиор үйлдвэрлэдэг учир төр засаг, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагаас ихээхэн тусалж дэмжин, хамтран ажилладаг. Манайх 2013 оноос хойш орон нутгийнхаа үзэсгэлэн худалдаанаас жил бүр тасралтгүй шагнал хүртсэн. Хуруухан, Чигчийхэн ааруул болон “Цагаан доктор”, “Ааруулан чихэр” бүтээгдэхүүнээрээ “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдааны шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ сав баглаа боодлыг нь ч өөрсдөө хийж байгаа. 

-Цаг гарган ярилцлсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


相关新闻