Замын-Үүдийн жолооч нарыг чингэлэг тээвэрт оролцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Тээврийн газрын дарга Ё.Жаргалсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод өнөөдөр ажиллаж байна.
Ажлын баг боомтод хийж буй чингэлгийн тээвэрлэлтэд жолооч, тээвэрчдийн тээврийн хэрэгслийг оруулах, зохион байгуулалтыг хийх, бүс нутгийн логистикийн төвд үүсээд буй хоосон чингэлгийн бөөгнөрлийг багасгах боломжийг судлах зорилгоор тээвэрлэгч, жолооч нартай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонссон байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр тээвэр эрхлэгч жолооч нартай хамтран ажиллах гэрээ хийж, холын болон богинын ачаа тээвэр хийхэд хэрхэн оролцох талаар тохиролцжээ.
Ингэхдээ Замын-Үүд сумын ачаа тээвэр эрхлэгч нэг төрийн бус
байгууллагатай төрийн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар тухайн
төрийн бус байгууллага бусад жолооч нартайгаа хамтран ажиллах гэрээ
байгуулах замаар чингэлэг тээвэрт
оролцох аж.
Ингэснээр өмнөд хөршид хүлээгдээд байгаа
ачаа бараа эргэлтийг хурдасгах, төрд ирж буй ачааллыг багасгах боломжтой гэж үзэж байна. Замын-Үүд суманд нийт 5000 орчим тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг бүгдийг нь оролцуулах зорилго тавьжээ.