Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дундговь аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
С.Энхболд, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус яамны Хөрөнгө
оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул нар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх
О.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй өчигдөр Дундговь аймагт ажиллав.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус аймагт ажиллахдаа
аймгийн Засаг дарга, ЭМГ-ын удирдлагуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл
байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авч, аймгийн эрүүл мэндийн салбарын
ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр тэрээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн
чиглэлээр хийж буй үйл ажиллагаа,
өөрчлөлт, шинэчлэл, анхаарах асуудлуудын тухай мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эрүүл
мэндийн салбар эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд үзүүлсэн үйлчилгээнийхээ
гүйцэтгэлээр санхүүжих болсонтой
холбоотой өөрчлөлт, гарч буй дэвшил, бэрхшээл, анхаарах асуудал болон ойрын
хугацаанд халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг
үзлэг шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах ажлыг эхлүүлэх ба энэхүү ажлын
бэлтгэл ажлын талаар мэдээлсэн юм.
Аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн
мэргэжилтэн, ажилтнууд шинэчлэлтэй холбоотой асуудал, цаашдын бодлого,
хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар асуулт асууж, хөдөө орон нутагт тулгамдаж
байгаа олон асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлж чадлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн Нэгдсэн эмнэлгийн
төрөх тасаг, дотрын болон мэс заслын тасгаар орж, бодит нөхцөл байдалтай
танилцан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын
хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хэрэгжсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн
төвлөрсөн ариутгалын тасгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Мөн Дундговь
аймагт шинээр барьж буй 100 ортой
эмнэлгийн барилгын явц болон халдварт, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт
илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэмжих төв”-ийн засварын ажилтай танилцжээ.
Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газарт 50,0 сая төгрөгийн
үнэ бүхий ЭХО аппарат, 2000 ширхэг хурдавчилсан оношлуур, аймгийн Нэгдсэн
эмнэлгийн мэс заслын тасагт CRM хагалгааны зөөврийн рентген, гемодиализын 2
ширхэг машин зэргийг газар дээр нь шийдвэрлэлээ.



