Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн өмч рүү халдаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуучуудын жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн багц шаардлагын шударга ёс, хариуцлага, сахилга баттай холбоотой асуудлын шийдлийг ирэх долоо хоногт гаргана гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Шударга ёсны талаар Ерөнхий сайдын хувьд өөрийн байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх хатуу шаардлага тавьж байгаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт мөн ийм ажил өрнүүлсэн. Энэ бол аливаа нэгэн байдлаар төр хувийн өмч рүү халдаж байгаа үйлдэл огт биш. Энэ бол төрийн мөнгөөр төрөөс өмч аваад, түүнийгээ гэрээнийхээ дагуу ашиглаагүй учраас цуцалж байгааг хэлэх нь зөв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал ч хувийн хэвшил рүү халдсан зүйл биш. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөл”-тэй холбоотой асуудал болон Хөгжлийн банкны эргэн төлөгдөхгүй байгаа зээлийн 50 орчим хувьтай холбоотой асуудал бол нэг зүйл. Иргэд үүнийг өөр асуудал гэж ойлгоод байх шиг байна. Тэгэхээр энэ бүхнийг шүүхээр эцэслэн шийднэ гэдэгт найдаж байна. Цаашлаад “Эрдэнэс Монгол”, нүүрсний борлуулалттай холбоотой асуудлыг үе шаттай ил болгоод явна. Тиймээс Засгийн газар ирэх долоо хоногт тодорхой шийдэл гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.