Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн томилгоог дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэв.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна. Иймээс тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, С.Цэдэндамбыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг 90 хувь нь дэмжиж, энэ тухай санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Нэр дэвшигч С.Цэдэндамба нь философич, багш, эрх зүйч мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр зэрэгтэй, доктор, профессор цолтой. Төрийн албанд 34 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 20 жил ажилласан, Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэлийн зэрэгтэй төрийн мэргэшсэн, туршлагатай ажилтан юм.
Нэр дэвшигч Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, төрийн удирдлагын менежер, хууль зүйн магистр зэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, төрийн албаны мэргэшсэн албан хаагч юм.
Б.Туул