Сайдад нэр дэвшигчдийг байнгын хороо дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЕрөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан дөрвөн сайдын томилгоог байнгын хороод хэлэлцэж байна.
Тодруулбал Ерөнхий сайд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/, Эрчим хүчний сайдаар П.Ганхүү /Түлш эрчим хүчний яаманд газрын дарга асан/ Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг томилуулахаар УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан байнгын хороод хуралдаж эхлээд байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, П.Сэргэлэнг 95 хувийн саналаар дэмжлээ.
Дараа нь УИХ дахь Эдийн засгийн Байнгын хороо дангаар хуралдаж Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, П.Ганхүүг 90 хувийн саналаар дэмжлээ. Мөн Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, хотын дарга асан Г.Мөнхбаярыг 100 хувийн саналаар дэмжээд байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор мөн Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А.Цогцэцэгийг хэлэлцэж дэмжив.
Н.Гантуяа