Азийн наадамд өрсөлдөх тамирчид эхнээсээ тодорч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
оюутны V их наадмын гандболын тэмцээн лхагва /2022.04.06/ гарагт явагдаж,
аваргуудаа тодруулав.
Тус тэмцээн 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн ч цар тахлын улмаас жил гаруйн хугацаанд завсарласан бөгөөд өчигдөр медалийн төлөөх тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний батлах хамгаалахын их сургууль /ҮБХИС/ түрүүлж, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль мөнгөн медаль, МУИС хүрэл медаль тус тус хүртэв.
Харин эрэгтэйчүүдийн төрөлд ШУТИС
түрүүлж, Үндэсний биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/-ийн баг мөнгөн медаль,
МУИС-ийн баг хүрэл медалийн эздээр шалгарлаа.
Эрэгтэй,
эмэгтэй төрлийн алтан медалийн төлөөх тоглолтууд онц сонирхолтой өрнөж ҮБХИС-ийн
баг ердөө нэг онооны илүүтэй ялалт байгуулсан бол эрэгтэй төрөлд ШУТИС
торгуулийн шидэлтээр өрсөлдөгчөө буулгаж аваргаар тодорлоо.
Багийн
нийлбэр дүнгээр Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг алтан
медаль, Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн баг мөнгөн медаль, Д.Шүрэнцэцэг
дасгалжуулагчтай ҮБТДС-ийн бан тамирчид хүрэл медаль тус тус хүртэв.
Энэ
удаагийн оюутны V их наадмаас тодорсон шилдгүүд Азийн наадамд оролцох Монголын
шигшээ багийг бүрдүүлэх юм.
Монголын
оюутны V их наадам ирэх өдрүүдэд жүдо, таеквондо, ширээний теннис, шатар,
футзаал, чирлидинг, чөлөөт бөх, волейбол зэрэг төрлүүдээр үргэлжлэн явагдана.