“Хамтран ажилласан 30 жил” уулзалт, хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-03 09:53:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 30 жилийн ойд зориулсан “Хамтран ажилласан 30 жил” уулзалт, хэлэлцүүлэг болов. 

Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Усны сав газрын захиргаа, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргааны төлөөлөлүүд оролцсон юм. Уулзалт, хэлэлцүүлгээр 30 жилийн хугацаанд хамтран хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээгээ танилцуулж, ирэх 10 жилд дараах үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. Тухайлбал, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэнгэг усны хамгаалал үүний хүрээнд усны хамгаалалтын бүс байгуулах, дэглэм сахиулах, урсац бүрэлдэх эхийн хамгаалал, усны боловсрол, усны нөөцийн нэгдсэн менежмент, булаг хашиж хамгаалах ажлууд хийх ажээ.

Түүнчлэн шинийг санаачлах, турших, нэвтрүүлэх замаар байгаль хамгааллын бодлого, үзэл баримтлалд дэвшил авчрахад “Төрийн манлайлал”-ыг дэмжих, “Эзэн төвтэй байгалийн нөөцийн менежмент”-ийг өргөжүүлэх, чадавхжуулах, шийдвэр гаргахад оролцоог нэмэгдүүлэх, бүс нутагт төвтэй байгаль хамгаалах бодлого, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах зорилгоор “Олон талын оролцоот платформ”-ын зарчмаар ажиллах, байгаль хамгаалах ажлын үр нөлөө, тогтвортой байдлыг хангах зорилгоор “Төр хувийн хэвшил”-ийн хамтын ажиллагааг хангах, хурдасгах зарчмуудыг баримтлан ажиллахаар боллоо хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


相关新闻