Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бага
насны хүүхдүүд, тэр дундаа тав хүртэлх насны хүүхдийн дундах томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэн тул аймгийн онцгой
комиссын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг
14 хоног хязгаарласан. Тэгвэл өвчлөл буурсан тул Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны
газар, Мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс
эхлэн цэцэрлэгүүдийн хөл хориог цуцалж, хэвийн ажиллаж эхэллээ.
СӨББ-уудын үйл
ажиллагааг хязгаарлах үед Нэгдсэн
эмнэлгийн Хүүхдийн тасагт өдөрт 147 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Харин өнөөдрийн байдлаар 88 болж 60 хувиар
буурсан аж.
2-4 настай хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл өнгөрсөн 14 хоногтой
харьцуулахад 30 хувь, амбулаторийн үзлэг хоёр дахин буурсан үзүүлэлттэй
байна. Бага насны хүүхдүүдийн өвчлөл буурсан ч 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл 20 хувиар өссөн гэж
аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Тиймээс
өвчлөлийг дахин дэгдээхгүй байхад дан ганц эрүүл мэндийн салбар бус боловсролын
салбар тэр дундаа СӨББ-д хамрагдаж буй хүүхдүүдийн дархлааг сэргээх
сарын аяныг хэрэгжүүлж, хүүхдүүдэд халуун аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг, шим
тэжээлтэй хоол хүнс өгөх, өдрийн хоолны цэсээ баяжуулах үүргийг цэцэрлэгийн
эрхлэгч нарт өглөө.
Хэдийгээр ханиад томууны дэгдэлт
буурч байгаа ч эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүддээ тогтмол хяналт тавьж, гарын ариун цэврийг сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэг арга хэмжээг авах
шаардлагатайг сануулж байна.