Өлгий хотын 8089 өрх нүхэн жорлон ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-28 14:47:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) дэмжлэгээр “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын оршин суугчдын унды ус ашиглалтын өнөөгийн байдал” сэдэвт судалгааны ажил хийлээ.

Судалгааг аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэжээ.

Судалгаанд 10 багийн 286 өрхийг хамруулсан ба тухайн айлуудын 81 хувь нь 1,5-75 метрийн гүнтэй гар худаг ашиглаж байгаа аж. Эдгээр өрхүүдийн нүхэн жорлон ба худаг хоорондын хамгийн бага зай 10-15 м, хамгийн хол зай нь 500 м байжээ. Харин холбогдох стандартын дагуу дээрх зай нь хамгийн багадаа 50 м байвал зохистой аж.

Мөн аймгийн төвийн 9289 өрхийн 8089 нь нүхэн жорлон ажиглаж байна гэсэн тооцоо гарчээ. Нүхэн жорлон нь 10-12 м радиуст бохирдлоо цацдаг тул Өлгий хотын хөрс, ус, агаар энэ хэмжээгээр бохирдож байна хэмээн судалгааны тайланд дурдсан байна.

Судалгаанд хамрагдсан бүх айлууд доторлогоогүй, соруулах боломжгүй, таглаа битүүмжгүй стандартын бус муу усны цооногтой ба ахуйн бохир ус хөрсөнд шингэж байна.  

Түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт өрхийн 58 хувь нь усаар дамждаг халдварт өвчнүүдийн талаар мэдээлэлгүй байгаа нь цаашид мэргэжлийн байгууллагууд зайлшгүй анхаарах асуудлуудын нэг байна.

相关新闻