Аймаг, сумдын удирдлага, хэлтэс агентлагийн дарга нарыг хамруулсан чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс аймаг,
сумдын удирдлага, хэлтэс агентлагийн дарга нарыг хамруулсан чадавхжуулах
сургалтыг зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг тойрогтоо ажиллах үеэр сумдын удирдлага, төрийн албан хаагчид, иргэдийн зүгээс дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт, ойлголтын зөрүүтэй холбоотой олон асуултыг тавьж байсан юм. Тиймээс гишүүний зүгээс ЗГХЭГ-т хандан хүсэлт тавьсны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуудорж болон Удирдлагын академийн эрдэмтэн судлаач багш нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж, хоёр өдрийн сургалтыг хийж байна.
Орон
нутгийн харилцааг зохицуулж, эрхзүйн байдлыг тодорхойлдог энэ суурь хуулиар аймаг,
сумын чиг үүргийн давхардлыг салгах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Нутгийн
өөрийн удирдлага дахь иргэний оролцоог тодотгоход чиглэсэн олон томоохон
өөрчлөлт орсныг ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
нарийвчлан тайлбарлалаа.
"Өвөрхангай аймгийн 19 сумын Засаг даргаас 14 нь шинэ хүн томилогдсон. Иймд Үндсэн хуулийн дараа ордог энэ том хуулийн талаар болон төрийн албаны шинэчлэлийн бодлого, захиргааны шийдвэрүүдтэй холбоотой нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх нь чухал ач холбогдолтой" хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ. Сургалтад оролцогчид хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан асуулт тавьж, мэдээлэл авч байна.

