Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд 56237 иргэн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховдынхон гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль хийлээ. Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль" хийдэг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр
орон нутгийн цагаар 15:00 цагт Ховд аймгийн нутаг дэвсгэрт гамшгийн зарлан
мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль хийсэн юм.
Энэ үеэр Ховд аймгийн
Онцгой байдлын газар болон мэргэжлийн анги, албадын бүрэлдэхүүний бэлтгэл,
бэлэн байдлыг шалгаж, зөвлөмж мэдээлэл түгээв.
Ховд аймгийн хэмжээнд
2000 гаруй алба хаагчдаас бүрдсэн 13 алба, мэргэжлийн 39 анги үйл ажиллагаа
явуулж байгаагаас энэ удаагийн дадлага сургуульд урьдчилсан байдлаар 56237
иргэн, 458 техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.
Ховд аймгийн зарим суманд
газар хөдлөлт бүртгэгдэж байгаа учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны
хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал
гэж мэргэжилтнүүд онцлон хэлж буй.
Дээрх дадлага, сургууль нь
газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага,
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангах, иргэдийг аливаа
эрсдэлээс сэргийлэх аргачлалд сургах давуу талтай аж.


