Төрийн бүтээмжийн сэргэлт: Мэдээллийг ил тод болгож, албан бичгийн тогтолцоог хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-22 17:57:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн бүтээмжийн сэргэлтэд төрийн үйлчилгээг цахимжуулж буй үйл явц голлох нөлөө үзүүлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр “Монголын эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд болсон "Төрийн бүтээмжийн сэргэлт" хэлэлцүүлэг дээр онцолсон. Тэрээр Цахим хөгжлийн багц хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхийг дуулгасан юм. Ингэснээр:

  • Нийтийн мэдээллийн тухай хууль,
  • Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль,
  • Цахим гарын үсгийн хууль,
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль,
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль багцаараа хэрэгжихийг тодотгов.




Төрийн байгууллагууд албан бичиг солилцдог уламжлалыг халж байна.


Тэрээр, Цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага бүр бэлтгэл ажлаа хангах ёстойг тэмдэглэж, “Нийтийн мэдээллийн тухай хуулиар бид төрийн албаны албан хэргийн хөтлөлтөд өөрчлөлт гарна. Төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг солилцдог уламжлал халагдаж байна гэсэн үг.

“Хур” системийг ашиглан нийтийн мэдээллийг хуваалцаж төрийн том датаг албан байгууллагууд хоорондоо солилцоно. Төр иргэн, ААН, байгууллагын өмнө үүрэг хүлээж байгаа. Төрийн мэдээллийг нийтэд ил тод болгоно. Жишээ нь, төрийн өмчит компаниудын ашиг алдагдлын тайлан, ТУЗ-ийн гишүүдийн нэрс, гишүүдийн цалин, ашигт малтмалын газрын лиценз ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх мэдээллийг төр ил болгох үүрэг хүлээж байна” гэдгийг тодотгов.

Цахим шилжилттэй холбогдуулан E-mongolia цахим хуудсаар 2.1 сая ширхэг лавлагааг иргэн, хуулийн этгээдэд өгснийг мэдээлэв. Ингэснээр 30 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Цаашид төрийн үйлчилгээг цахим руу богино хугацаанд шилжүүлэхийн хэрээр төрийн бүтээмж сайжирна гэж үзэж байгааг илэрхийлэв.


“Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна.


“Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг хөндсөн. Улсын хэмжээнд нийт 467 төрийн өмчит ААН үйл ажиллагаа явуулж байна. Гэвч ашигт ажиллагаа ердөө 5.9 хувьтай, нийт хөрөнгийн өгөөж нь 1.3 хувийн үнэлгээтэй байна. Энэ байдлыг сайжруулахын тулд компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож, үйл ажиллагааны тайланг ил тод байлгах механизмыг бий болгох замаар шинэчилнэ гэж үзэж буйг илэрхийлж байна. 




相关新闻