Төл бойжилт 99.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 3.1 сая толгой мал тоолуулсан. Аймгийн нийт нутгаар зуншлага сайн байсантай холбоотойгоор өвөлжилт, хаваржилтын хүндрэл бага гарчээ.
1.6 сая хээлтэгчээс өнөөдрийн байдлаар 192.967 толгой буюу 222 ингэ, 33 гүү, 1093 үнээ 88211 хонь, 103408 ямаа төллөж, төл бойжилт 99.5 хувьтай байна. Харин том малын зүй бус хорогдлыг авч үзвэл, 2022.01.01-нээс хойш аймгийн хэмжээнд 824 толгой мал хорогдсон дүнтэй байгаа аж.
Баянхонгор аймгийн хувьд бэлчээрийн хүрэлцээ хангамж 75 хувь, Малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хангамж 67 хувь, Аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 55.9 хувь, Худаг уст цэгийн хүрэлцээ хангамж 97 хувь, Усаар хангагдсан өрх 95.4 хувь, Малын хашаа хорооны хангамж 94.9 хувь хангагджээ.