"Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын үр дүн"-д гүйцэтгэлийн аудит хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас гүйцэтгэлийн аудитын нээлтийг гуравдугаар сарын 16-ны өдөр хийлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоол, МУЕА-ын 2022 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө”-нд тусгагдсан “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр нөлөө”, "Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын үр дүн"-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд хийсэн юм.
Тус аудитын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг, тус аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Түвшинбаяр, холбогдох албаны мэргэжилтнүүд болон цахимаар сумдын Засаг дарга, санхүүгийн албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Аудит гүйцэтгэх хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аудиттай холбоотой иргэдийн санал хүсэлтийг 7048-4030 утсаар болон Төрийн аудитын газарт хүлээн авах ажээ.