Казах үндэсний эрэгтэй, эмэгтэйн гоёл чимэглэлийн зүүсгэлүүдийн үзэсгэлэн дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах түмний “Наурыз” баярыг угтан аймгийн ЗДТГ, Соёл,
урлагийн газар, Орон нутаг судлах музей хамтран “Казах үндэсний эрэгтэй,
эмэгтэйн гоёл чимэглэлийн зүүсгэлүүд” үзэсгэлэнг энэ сарын 16-ны өдөр дэлгэлээ.
Аймгийн Музейн үзэсгэлэнгийн танхимд нээсэн уг үзэсгэлэн нь соёлын биет бус
өвийн нэг төрөл гар урлалын уламжлалт арга ухаан, уран хийцээр урласан өвлөн
уламжлагчдын бүтээлүүдийг сурталчлах, залуу хойч үед танин мэдүүлэх зорилготой.
Тус үзэсгэлэнд аймгийн төвийн болон сумдын соёлын биет бус өвийг өвлөн
уламжлагч дархчуудын 156 бүтээлийг дэлгэв. Булган сумын дархан Ш.Хуат, Алтай
сумын дархан Н.Түгелбай, Сагсай сумын дархан С.Самат, Өлгий сумын дархан Х.Хумарбек,
Х.Асхабыл, М.Еркинбек, Х.Паней, У.Нурасыл нар өөрсдийнхөө урлан бүтээсэн шилдэг
бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа.
Үзэсгэлэнд оролцогч дархчуудыг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.