“Мөрдөстэй бүсгүйчүүд” чуулж, “Аз жаргалтай Дундговь” уриалга дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-17 14:22:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Мөрдөстэй бүсгүйчүүд” чуулж, “Аз жаргалтай Дундговь” уриалга дэвшүүлэн, нийгэмд өөрсдийн дуу хоолойг илэрхийллээ.

Монгол цэргийн 101 жилийн ой, Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албанаас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад ажилладаг мөрдөстэй эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус чуулганыг анх удаа ийнхүү зохион байгуулжээ.

Чуулганд Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Онцгой байдлын газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмэгтэй алба хаагчид, ахмадууд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлөл, 80 орчим эмэгтэй оролцсон байна.

Энэхүү чуулганы үеэр МЭХ-ны Дундговь аймаг дахь салбараас илтгэл тавьж, нийгмийн сайн сайхны төлөө бодитой, үр дүнтэй хамтран ажиллахыг уриалжээ.

Чуулганы үр дүнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймгийн салбарын дэргэд Мөрдөст эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулж, тусгагйлсан чиг үүрэг бүхий 7 байгууллагаас тус бүр нэг төлөөллийг сонгосон бөгөөд цаашдаа зохион байгуулалтад орж, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран ажиллах ажээ.

Эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн иргэдийн аюулгүй байдал, эрхийг хангах, хууль журмыг сахиулах үүрэг гүйцэтгэдэг тусгайлсан чиг үүрэг бүхий дээрх байгууллагуудад хөдөлмөрлөдөг эмэгтэйчүүд тийм олон биш ч салбартаа тэргүүлж, ажил үүргээ онцгой гүйцэтгэж байгаа мөрдөстэй олон бүсгүйчүүд бий. Чуулганы үеэр салбартаа тэргүүлж, түүчээлэн ажиллаж буй мөрдөстэй бүсгүйчүүдийг шагнаж урамшуулжээ.

相关新闻