Д.Бадамсүрэн: Эрчүүдэд тулгамддаг асуудлыг эрчүүд гэхээсээ илүү эмэгтэйчүүд маань мэддэг байгаасай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-17 08:56:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт анх удаа эрэгтэйчүүдэд зориулсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” нэртэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөлөл 25-60 насны 30 гаруй эрэгтэйчүүд оролцож эрэгтэйчүүдэд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн асуудлуудыг ярилцаж зөвлөмж гаргажээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Бадамсүрэнгээс асууж тодрууллаа.

  

-Манай аймагт анх удаа эрэгтэйчүүдийн оролцоо, санаачилгаар хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн үр дүн юу байв?

 -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг энэ сарын 14-нд Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү чуулганыг угтаж Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Манай аймагт үндэсний чуулганы бэлтгэл ажил болгож, хэлэлцүүлэгт оруулах саналуудыг авахын тулд нийгмийн бүхий л салбарын төлөөлөл 30 гаруй эрэгтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, эрэгтэйчүүдэд тулгамддаг олон асуудлыг ярилцлаа. Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгмийн оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, хувь хүний хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон хэлэлцүүлгээс маш сонирхолтой зөвлөмжийг гаргаад байгаа. Хэлэлцүүлгийг хоёр цагт багтаан хийхээр төлөвлөсөн боловч оролцогчид гурван цаг гаруй ярилаа. Асуудал их байгаа учраас л тэр юм. Эрчүүдэд тулгамддаг асуудлыг эрчүүд гэхээсээ илүү эмэгтэйчүүд маань мэддэг байгаасай гэж бодож байна.

 

-Тэгэхлээр ямар асуудлуудыг эрэгтэйчүүд ярилцав?

-Ер нь эрчүүдтэй холбоотой таатай гэхээсээ таагүй олон тоо баримтыг бид эхлээд дурдаж болох хэдий ч эрчүүдээ бид хэр их анхааран сонсдог юм бол гэж бас бодох хэрэгтэй юм. Монгол Улсад 100,000 гаруй өрх толгойлсон эцэг, эх байна. Үүнээс 70-75,000 эмэгтэй, 20,000 орчим нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүл үүсэхэд буруутан нь эрэгтэйчүүд байдаг гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл энэ хэлэлцүүлэгт оролцогчид маань маш сонирхолтой тайлбарыг хэлж байна. Аймагтаа анх удаа, “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганы бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулсан хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг салбар бүрийн төлөөлөл оролцсон нь ч онцлог болов. Хэлэлцүүлгийг үндсэн асуудлын хүрээнд багцлан ярилцлаа. Нэгдүгээрт, гэр бүл дэх эр хүн, эцэг хүний үүрэг хариуцлагыг ярилцлаа.

 -

“Ямар ч мэдээллийг хаанаас ч чөлөөтэй авах болсон өнөө үед боловсрол, мэдээллийн асуудал, үзэл бодол, эцгийн эрхт ёс өөр болсон. Хувьсан өөрчлөгдөж байна. Жендэрийн болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг ихэвчлэн олон нийтийн цахим хуудсаас авдаг. Хэдэн жилийн өмнө эхнэртээ гар хүрсэн бол хүчирхийлэл гэж үздэг байсан. Одоо чанга ч дуугарч болохгүй, эвгүй харсан ч хүчирхийлэл гэж ойлгодог. Бид ажлын онцлогоос гэр бүлдээ зарцуулах цаг зав бага байх талтай, гэхдээ аль болох цаг зардаг болсон.

         Мөн олон салбарт ажилд авахдаа ч хүйсийг 50:50 болгох бодлого барьдаг, эхнэр нь нөхөр нь давуу гэсэн юм байхгүй,

        адил тэгш байхыг хүсдэг” гэж нэг оролцогч хэлж байна.

 –“Харин ч эхнэрүүдийн үглэх, нийгмээс шалтгаалсан стресс үүсэхэд бидэнд стресс тайлах орчин нөхцөл, сэтгэл зүйч байдаггүй. Орилж, хашхирсныхаа дараа хүчирхийлэл үйлдлээ гэж боддог. Зарим эрчүүд маань өөрт бий болсон стрессээ замын хөдөлгөөнд оролцох үедээ эмэгтэй жолоочийн урдуур дайрч орох зэргээр гаргадаг. Гэр бүлд ихэнх шийдвэрийг эмэгтэйчүүд гаргадаг, мэдээж гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гаргасан шийдвэр болохоор дагадаг, бас хүндэлдэг” гэж бас нэг оролцогч хэлэв.

 

-“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр л тэмдэглэдэг, баяр болоход наад зах нь гоо сайхны үйлчилгээг тэдэн хувиар хямдрууллаа гээд зарладаг. Гэтэл эрчүүд бидний эрхийг хамгаалах өдөр тийм үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага байдаггүй. Ядаж үсийг нь хямдралтай засаад өгье гэдэг ч юм уу, эхнэрүүд ажил ачаалал ихтэй гээд биднийг анхааран сонсох цаг зав гаргадаггүй”.


–“ Ер нь нөхрүүдийнхээ стрессийг тайлагч нь эхнэрүүд л шүү дээ, эхнэрүүдээсээ л харьцааны олон хандлагыг хүлээдэг. Бидний эрхийг хамгаалах өдрөөр цэрэгт яваагүй юм чинь ямар юмных нь баяр байдаг юм гэдэг. Аавуудын өдөр болоход аргагүй гуйж байж баяраа тэмдэглүүлдэг” гэж оролцогчид маань хэлж байна.

 Хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх эерэг хандлагын хүрээнд оролцогчдоос нэлээдгүй нь эрэгтэйчүүдийн дуу хоолойг сонссон хэлэлцүүлэгт анх удаа оролцож байгаагаа илэрхийлж байлаа.

 

Эрэгтэйчүүд бид дэлхийн аавуудын өдрөөр ч юм уу, таван сарын нэгэнд эв нэгдлийн өдөр нийгэмд хандсан эерэг өөрчлөлтүүдийг гаргахад гар гараасаа бариад хамтраад архи уухгүйгээр нийгэмд эергээр манлайлдаг болцгооё. Аль нэг иргэний нийгмийн байгууллагын нэрийг бариад цаанаа өөрсдийгөө сурталчлах зорилгоор биш. Гагцхүү нийгэмд сайн үлгэр жишээгээр манлайлъя гэлээ. Мөн эрүүл мэнддээ зориулж хадгаламж хийдэг болцгооё. Ямар нэг өвчнөөр өвдөхөд санхүүгийн асуудлаас болоод тусламж авч чаддаггүй тохиолдол их бий гэж байв. 

-Манай аймагт эрэгтэйчүүдийн холбоо байдаг гэж байсан?

 -Тийм ээ. Эрэгтэйчүүдийн холбоо Нэгдсэн эмнэлэгт байрладаг. Энэ холбоог аймгийн Нэгдсэн эмнэлгийн 400 гаруй ажилтны 20 хувь хүрэхгүй шахам эрэгтэйчүүд нэгдэж байгуулсан. Бусад салбарт ийм холбоо байдаггүй. Тэгэхлээр эрчүүд бидний оролцоо маш чухал, нийгэм рүүгээ чиглэсэн арга хэмжээ хийх хэрэгтэй юм байна. Бидэнд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэдэг холбоо байх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг хэлж байсан.

 -

-Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг анхаарах нь чухал болоод буйг статистикийн судалгаанаас харж болно. Хэлэлцүүлгийн үеэр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх асуудал мөн хөндөгдсөн байх?

 -Тэгэлгүй яах вэ. Эрэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудын ихэнх хувийг эрүүл мэндийн асуудал эзэлж байна. Эмэгтэйчүүдэд зориулсан маш олон үйлчилгээ, эмнэлэг байдаг хэдий ч эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг, кабинет байхгүй. Эмнэлгийн олон давхар ачаалалтайгаас яг зориод очиход үзэх эмч нь цаг зав муутай байдаг. Мөн эрэгтэйчүүдийн эмч аймгийн 24 суманд үзлэгээр явахад хоёрхон хүн өөр шалтгаанаар үзүүлж байх жишээтэй. Эрчүүд маань ч эмчид үзүүлэх соёлд суралцаагүй байгаа талаар энэ хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эрэгтэйчүүд ярьж байсан. Сум орон нутагт эрүүл мэндийн цогц үзлэгийг явуулахдаа иргэдэд сургалт мэдээлэл өгөх баг бас явах хэрэгтэй. Цэргийн насны эрчүүдийн эрүүл мэндийн асуудал маш их анхаарал татаж байгааг ч онцгойлон ярилцлаа. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн статистикаас үзэхэд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэхэд 2020 онд хэвтэн эмчлүүлсэн нийт 6897 хүний 35.3 хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна.

 

Харин амбулаторид үзүүлсэн 94470 хүнээс 32.9 хувь нь эрэгтэйчүүд байна. Тэгэхлээр эрэгтэйчүүд маань эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байна уу, эсвэл өөр шалгаан байна уу гэдгийг хэлэлцүүлгээр ил тод ярилцлаа.

2021 онд хэвтэн эмчлүүлсэн нийт иргэдийн 37.3 хувь нь эрэгтэйчүүд, амбулаторид үзүүлсэн иргэдийн 37.5 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 40 орчим хувийг эрэгтэйчүүд, амбулаторид үзүүлсэн нийт иргэдийн 35 орчим хувийг нь эрэгтэйчүүд эзэлсэн байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байгааг харж болох юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.7 буюу бараг 10 насаар эмэгтэйчүүд урт насалдаг гэж статистик мэдээнд тэмдэглэджээ. Дээрх судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарах. Тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ядаж мэргэжлийн эмчийг хангалттай ажиллуулах шаардлага бий болж байна.

        -Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал ч анхаарал татдаг?

-Яг тийм. Манай улсын хэмжээнд нийт хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 135 мянга гаруй иргэний 597 мянга орчим нь эрэгтэй хүн байна. Төсөвт байгууллагад гэхэд 81 мянга 600 гаруй эрэгтэй, хувийн хэвшилд 196 мянга 500 гаруй эрэгтэй ажиллаж байна. Эрүүл мэнд, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад эрэгтэйчүүдийн ажил эрхлэлт 33,0 хувьтай байна. Өнөөдөр хувийн хэвшлийн ажлын байрны орчин нөхцөл, хангамж, худалдан авах чадвар, эдийн засгийн эргэлт муу байдаг. Гэтэл эрэгтэйчүүд маань яг энэ ажлын байран дээр илүү их ажиллаж байх юм. 2021 онд манай аймагт 1216 ажлын байр гарснаас 645 эрэгтэй шинээр ажлын байртай болсон. Эрэгтэйчүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдалт муу байгааг аймгийн ХХҮГ-аас мэдээлж байгаа юм. Харин улсын хэмжээнд энэ оны ажил хайгч 26 мянга 270 эрэгтэй байгаа нь 2021 оноос 11.4 хувиар өссөн байгаа нь харамсалтай. Тэгвэл манай аймаг 907 ажил хайгчаас 485 нь эрэгтэй байгаа нь мөн л ажил хайгч иргэдийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

 

Судалгаагаар 1980 оноос хойш 10,10 жилээр эмэгтэйчүүдийн боловсрол өсөж, эрэгтэйчүүдийн боловсрол уруудсан байдаг юм билээ. Үүнээс үзэхэд эрэгтэй хүүхдийг багаас нь боловсрол мэдлэгтэй болгох асуудал анхаарал татаж байна. Бид эрэгтэй хүүхэд яах вэ. Харин охидоо л боловсролтой болгоё гэсэн хэвшмэл хандлагаа өөрчлөх цаг болсныг судалгаа баримтуудаас харж болох юм.

Эрэгтэйчүүд багаасаа төлөвших төлөвшилд ч анхаарах нь чухал болоод буй. Нэмж хэлэхэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг хүйсээр авч үзвэл эрэгтэй хүүхдүүд нийт төгсөгчдийн дөнгөж 41 хувийг эзэлж байна. Шалтгаан нь малчин өрх, газар тариалан эрхлэлт, эцэг эхчүүдийн хандлага, санхүүгээс шалтгаалдаг байна. Мөн их дээд сургууль, коллежид суралцаж байгаа тоог хүйсээр харахад 39 хувь нь эрэгтэйчүүд байна. Ингээд боловсролын байдлаас шалтгаалаад эрчүүд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэд ажлын орчин нөхцөл хүнд, ажлын үнэлэмж бага, цалин хөлс бага салбарт ихэвчлэн ажиллаж байх жишээ олон бий. Харин боловсролтой эрэгтэйчүүд боломжийн цалинтай ажилд ажиллаж байгаа. Тиймээс хожимдоогүй дээрээ бид эрэгтэй хүүхдүүдийн боловсролд түлхүү анхаарах цаг болжээ. Боловсролыг иргэн бүр тэгш хүртээмжтэй авах эрхтэй. Тэгэхээр хүйсийн тэнцвэрийг хангаж боловсрол, мэдлэгийг олгох нь чухал юм.

 -

-Эрэгтэйчүүд гэмт хэрэгт их холбогддог бас таагүй судалгаа ч бий?

 -Тийм ээ. 2020 оны статистикийн мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 95 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. НҮБ-ын зорилтот маш олон төсөл эмэгтэйчүүдэд асар их хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгвэл олон улсын байгууллагууд, ТББ, төрийн байгууллагууд бодлогоор эрэгтэйчүүдийн боловсрол хандлагыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх. Төсөл хөтөлбөрийг боловсруулж ажил хэрэг болгох нь зайлшгүй шаардлагатай байгааг дээрх баримт судалгаанаас үзэж болох юм гэдгийг манай хэлэлцүүлэгт оролцогчид ярилцлаа. Өнөөдөр эрэгтэйчүүдэд маш олон тулгамдсан асуудал бий. Хэлэлцүүлгээс нэн тэргүүний асуудал бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол юм. Тэд насныхаа онцлогоос хамаарч эрүүл мэндийн олон асуудалд өртдөг. Тэгэхлээр хүүхэд үеэс нь эерэг зан үйлд сургах, өсвөр үе, залуучуудад бэлгийн боловсрол олгох хэрэгтэй. Өнөөдөр тэд бэлгийн замаар дамжих халдвар, тохиолдлын бус бэлгийн харилцаа, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудад өртөж байна.

 

Мөн эрэгтэйчүүдийн эмч, сувилагч, хүний нөөц, тоног төхөөрөмж, төсөв санхүү байхгүй. Эрүүл мэндийн асуудал үүсэхэд гэр бүлийн санхүүгийн бэрхшээл. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургуулиас завсардах. Ажилгүйдэлд өртөх, амьжиргааны баталгаа муу, амьдралын чанар муу. Баталгаагүй ажлын байранд хөдөлмөр хамгаалал, цалин, үнэлэмж бага ажилладаг. Буруу зуршилд автах, стрессээ буруу тайлах, буруу илэрхийлдэг. Халамжийн хүн болох, гэмт хэрэгт өртөх асуудлууд эрэгтэйчүүдэд тулгамдаад байна.

Тиймээс дээрх бүхий л асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэх ёстойг хэлэлцүүлгээс зөвлөмжөөр гаргаад байна. Тухайлбал, гэр бүлийн хосуудад соён гэгээрүүлэх, ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүл дэх цахим хэрэглээг хязгаарлах. Хүнээр хүн хийх монгол ухаанаар үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх, эцэг, эхийг хүүхэд үеэс нь бэлтгэдэг байх. Эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинет, тасаг байгуулах, эмчийн ажлын ачаалал, хүний нөөцийн сонголтыг шийдвэрлэх. Гэр бүл төлөвлөлт, урьдчилан сэргийлэх үзлэгт гэр бүлийн гишүүд хамт үзүүлэх, бүх нийтийн хэвшил болгох. Эрэгтэйчүүдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн цогц бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Тэдний хийсэн ажил, гаргасан бүтээлийг сурталчилдаг, үзэсгэлэн гаргадаг, олон нийтэд эерэг жишээг нь харуулдаг байх.

Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвтэй болох, эрэгтэйчүүд эрүүл мэнддээ зориулсан хадгаламжтай болох. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг дэмжих, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх. Хүүхэд сургуулиас завсардуулсан тохиолдолд хариуцлага тооцдог байх. Аймагтаа эрэгтэйчүүдийн зөвлөлтэй болох. Жилд нэг удаа сум, орны түвшинд аймгийн хэмжээний эрэгтэйчүүдийн зөвлөгөөнийг хийдэг байх гэхчлэн 25 шийдвэрлэх асуудалтай зөвлөмжийг хэлэлцүүлгээс гаргасан. Энэхүү зөвлөмжийг үндэсний чуулганд хүргүүлсэн байгаа. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргаад байгаа.

 -Танд баярлалаа.

相关新闻