Монгол Улсын баатар Магсарын Жанчив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт өдрийг угтан Говь-Алтай аймгийн зэвсэгт хүчний салбараас төрөн гарсан Улсын баатар Магсарын Жанчивыг уншигчдадаа танилцуулж байна.
Монгол Улсын баатар Магсарын Жанчив нь Хантайшир уулын аймгийн Сүжигт Гүний хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт Зах гэдэг газар 1923 онд төржээ. Тэрээр хүний ганц хүү байсан учир гэрээр хуучин бичиг сурч, мал маллаж байгаад 1943 онд хугацаат цэргийн албанд мордож, алба хаах хугацаандаа холбоочны мэргэжил эзэмшин салааны дарга болж, ахлах түрүүч цол авчээ.
М.Жанчив нь Японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж нэрлэгдэж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэх үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбарыг холбоогоор хангах байлдааны даалгавар авч дайсны бөмбөгдөлтийн суманд хоёр дахь удаагаа тасарсан холбооны утсыг залгах үүрэг даалгавар авчээ. Тэрээр галын шугам руу мөлхөж явахдаа шархадсан ч гэмтлийн цэгт хүрч, үүргээ гүйцэтгэх үед ахин шархадсан байна. М.Жанчив эцсийн мөчид тасарсан утасны хоёр үзүүрийг амандаа зуун, биеэрээ холбоо дамжуулж, өөрийн ангийн давшилтыг хангасаар баатарлагаар амь үрэгджээ.
М.Жанчивын гавьяаг эх орон, төр засаг өндрөөр үнэлж, 1965 онд байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан билээ. Монгол Улсын баатар М.Жанчивын мөнх алдрын гэгээн дурсгалд зорилсан хөшөө Говь-Алтай аймгийн төв болон төрсөн нутаг Шарга сумын төвд сүндэрлэн байдаг. Түүнийг Алтай нутгийн ард түмэн хайрлан хүндэлж аймгийнхаа төв талбайг Улсын баатрын нэрээр нэрийдэн бахархан дурссаар байна.