“Засагт ханы хүүхдүүд” чуулганд 200 гаруй сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-15 15:30:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цогт сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг хамтран “Засагт ханы хүүхдүүд” чуулганыг энэ сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулав.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дэмжлэгээр уг чуулганыг зохион байгуулсан ба чуулганд Цогт сум, Баянтоорой тосгоны ЕБС-ийн 200 гаруй сурагч оролцов.

Хүүхдүүдийн дунд урлаг, спорт, Монгол өв соёлыг сурталчлан таниулах, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор хүүхдийн эрх, суралцах болон гэр бүлийн орчин, тэдний оролцооны талаар хэлэлцүүлэг, харилцан яриа таниулга хийж, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, хүүхдүүдийн дуу хоолойг сонссоноороо онцлогтой болсон байна.

Чуулганы үеэр төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд "Мини сорил" түвшин тогтоох шалгалтыг ЭЕШ-д сонгосон 10 хичээлээр зохион байгуулжээ. Мөн бөх, олс таталт, 100 буудалт даам, шагайн харваа, 3Ч3 сагсан бөмбөг, теннис, волейбол гэх мэт спортын долоон төрөлт тэмцээн зохион байгуулж, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулсан байна. Оролцогч хүүхдүүд спортын тэмцээнүүдээс гадна үндэсний урлагийн төрлүүдээр авьяас чадвараа сорьсон ба тэд нийт 173 медалийн төлөө гурван өдрийн турш өрсөлдсөн тухай зохион байгуулагчид мэдээлэв.


相关新闻