Эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор иргэд санхүү, цаг хугацаа хэмнэдэг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-14 16:00:31

Завхан/МОНЦАМЭ/. Тэс сумын Эрүүл мэндийн төв цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийдэг аппараттай болсноор хөдөөгийн иргэдийн санхүү, цагийг хэмнэж байна.

Сумын Эрүүл мэндийн төв аймгийн засаг даргын дэмжлэгтэй 18 сая төгрөгийн өртөгтэй цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппараттай болсон. Аппараттай болсноос хойш 250 иргэнд шинжилгээ хийж 40 иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн оношилгоонд явуулахгүйгээр оношилж эмчилсэн. Эдгээр иргэд маань дараагийн шатлалын эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд тээврийн зардлаас эхлээд багагүй зардал гарна. Зөвхөн ирж очих зардлыг нь тооцоход иргэдийн 4.6 сая төгрөгийг хэмнэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баярсайханы дэмжлэгээр улсын Онцгой комиссоос 36 сая төгрөгөөр эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэл хийсэн.Түргэн тусламжийн автомашин шинэчлэгдсэнээр эрүүл мэндийн яаралтай дуудлагад саадгүй явах боломжтой. Бид шинэ автомашинтай болсноос хойш 106 удаагийн алсын дуудлагад явсан байна. Алсын дуудлагаар 21.8 мянган км замыг туулж эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 530 иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэг болон Тосонцэнгэл сумын Сум дундын эмнэлэгт цаг алдалгүй хүргэжээ.

Цар тахлын үед дотоод нөөц боломж болон улс, орон нутгийн төсөв, иргэдийн хандиваар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан. Коронавирусний халдварын үеийн бэлэн байдлыг хангаж цар тахлын дэгдэлтийн оргил үеүдэд сумын Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн байрыг улаан бүс болгон тохижуулж, эмнэлгийг дэлгэсэн. Өнгөрсөн онд гэхэд коронавирусний 197 батлагдсан тохиолдлыг илрүүлж сумандаа 168 тохиолдлыг эмчилж 29 тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт илгээж ковидын хүндрэл, нас баралт гараагүй ажиллажээ. Мөн үеэр 17.5 сая төгрөгийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодис, оношлуурыг иргэдээс хандивласан байна гэж Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. 

相关新闻