Эрдэнэтэд “ICT-EXPO” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-03-11 11:52:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хотод анх удаа Мэдээллийн технологи, боловсролын салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, инновацыг эрэлхийлэгчид хамтран чуулах IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022 өдөрлөг болох гэж байна.

Маргааш эхлэх уг өдөрлөгийн үеэр эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг, бизнес эрхлэгчид, менторуудын дунд бизнес уулзалт, старт аппуудын дунд хакатон уралдаан, технологи инновацын үзэсгэлэн гэсэн үндсэн дөрвөн үйл ажиллагааг зохион байгуулна.

Энэ удаагийн өдөрдөг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO-2022 үндэсний арга хэмжээний зарим онцлох бүтээлүүдийг орон нутагт авчирч буйгаар онцлог болж байна. Тухайлбал, найман зууныг дамжин аялах боломжийг олгох Виртуал Хархорум, Зэв музей, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүний өдөр тутамдаа хийдэг найман төрлийн үйлдлийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийх чадамжтай хиймэл гар, Lego робот, шоо цуглуулагч сургалтын робот, нийтийн тээврийн маршрут төлөвлөлтийн систем, салхин энерги хуримтлуулагч зэрэг технологийн шийдлийн гайхамшгийг мэдрүүлэх олон бүтээлийг сонирхож болно.

Түүнчлэн инновац шингээсэн эрүүл мэнд, мал аж ахуй, археологи, химийн технологи, ботаникийн салбарын бүтээгдэхүүнүүдтэй танилцаж шинэ боломжийг эрэлхийлэх, бизнестээ нэвтрүүлж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой. Уг өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар "Эрдэнэт ШУТП" ОНӨААТҮГ, БШУЯ, ЦХХХЯ, аймгийн ЗДТГ зэрэг нийт арав гаруй байгууллага хамтран зохион байгуулж байна.  

 

相关新闻